Үндэсний статистикийн хорооноос “Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал”-ын энэ оны эхний таван сарын гүйцэтгэлийг өчигдөр танилцуулсан.
Тус тайланд дурдсанаар Монголбанкнаас зарласан төгрөгийн америк доллартой харьцах сарын дундаж ханш энэ оны тавдугаар сард 3381.19төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 79.99 төгрөгөөр чангарчээ. Гэхдээ өмнөх сараас 4.67 төгрөгөөр суларсан байна.
Мөн евротой харьцах сарын дундаж ханш өнгөрөгч тавдугаар сард 3652.42 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 110.95 төгрөгөөр чангарсан ч өмнөх сараас 28.90 төгрөгөөр суларчээ. Төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш тавдугаар сард 37.19 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 6.55 төгрөгөөр чангарав. Гэвч энэ нь өмнөх сараас 0.91 төгрөгөөр суларсан үзүүлэлт юм.
Түүнчлэн төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш тавдугаар сард 467.39 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 28.01 төгрөгөөр чангарч, өмнөх сараас 0.95 төгрөгөөр суларсан байна.
Эдгээр үзүүлэлт төгрөгийн бусад валюттай харьцах дундаж ханш тогтмол суларч байгааг харуулж байна.
Эх сурвалж: ҮСХ, “Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал”- 2024 V гүйцэтгэл