Хэргийн тэмдэглэл: Ногоон автобусны евро-5 хөдөлгүүр евро-2 болж солигдсон нь
Хэргийн тэмдэглэл: Ногоон автобусны евро-5 хөдөлгүүр евро-2 болж   солигдсон нь
“евро-5” дизель хөдөлгүүртэй их багтаамжийн автобус “евро-2” хөдөлгүүртэй хуучин автобусаар хэрхэн солигдсон тухай үргэлжлүүлэн хүргэе. 

УИХ-ын Хянан шалгах түр хорооноос зохион байгуулсан “Ногоон автобус”-ны нээлттэй сонсголын үеэр ил болсон мэдээллийг цувралаар хүргэж байна. 

Хэргийн тэмдэглэлийн өмнөх цувралаар бид “Тэнүүн-Огоо” компани нийтийн тээврийн автобус нийлүүлэх тендерт яаж шалгарсан тухай мэдээлсэн. Харин энэ удаа тус компанийн нийлүүлэх ёстой байсан “евро-5” дизель хөдөлгүүртэй их багтаамжийн автобус “евро-2” хөдөлгүүртэй хуучин автобусаар хэрхэн солигдсон тухай үргэлжлүүлэн хүргэе. 

Захиалагч тал нийслэлийн Засаг даргын тамгын газар, “Тэнүүн-Огоо” ХХК-тай нийтийн тээврийн автобус, дагалдах тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээг 2023 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр байгуулжээ. Ингэхдээ нийт 606 ширхэг дизель хөдөлгүүртэй их багтаамжийн автобус, 50 ширхэг дунд оврын дизель хөдөлгүүртэй автобус, 160 ширхэг их багтаамжийн цахилгаан хөдөлгүүртэй автобус, 41 цэнэглэгч төхөөрөмжийг 317 тэрбум 949.2 сая төгрөгөөр нийлүүлэхээр болжээ.

untitled 

Гэхдээ дээрх гэрээнд Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос гаргасан том оврын автобусны “евро-5” техникийн тодорхойлолтыг дагаж мөрдөхгүйгээр “евро-4” хөдөлгүүртэй байхаар заасан байдаг. Иймээс захиалагч талаас нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт хууль тогтоомж хэрэгжүүлэх албан бичиг илгээж, хоёрдугаар сарын 10-нд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Гэрээнд өөрчлөлт оруулахдаа “евро-4” гэснийг “евро-5” болгон өөрчилж, их багтаамжийн дизель хөдөлгүүртэй 606 автобусны тоог 600 болгожээ. Харин гэрээний үнийн дүнгийн задаргаанд ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй тэр хэвээр нь үлдээсэн байдаг. 

Гэвч эцэст нь “евро-5” биш, “евро-4” биш, “евро-3” ч биш бүр “евро-2” дизель хөдөлгүүртэй их багтаамжийн хуучин автобус оруулж ирснээр энэ хэрэг олон нийтийн анхааралд өртсөн юм. “Тэнүүн-Огоо” ХХК их багтаамжийн дизель хөдөлгүүртэй 600 автобус нийлүүлэхээс эхний 100-г нь өнгөрсөн намар оруулж ирсэн. Үүнээс хамгийн эхэнд орж ирсэн 20 автобусыг нь захиалагчийн хяналт хэрэгжүүлэх үүрэгтэй нийслэлийн Нийтийн тээврийн газрын даргын тушаалаар байгуулсан автобус хүлээлцэх ажлын хэсэг хүлээж авсан нь анхаарал татаж байна. Ажлын хэсэгт багтсан зарим мэргэжилтнүүд УИХ-ын Хянан шалгах түр хорооны нээлттэй сонсголд оролцох үеэрээ хичээлийн шинэ жил дөхчихсөн болохоор дээрээс дарга нар хурдан хүлээж авах чиглэл өгсөн. Тэр үед техникийн тодорхой зөрчлүүдийг илрүүлсэн ч есдүгээр сар гэхэд зөрчлийг бүрэн арилгана гэсэн тул шууд хүлээж авсан гэх тайлбар өгч байлаа.

evro_hoer 

Ийм байдлаар эхний 20 автобусыг хүлээж авсан ч дараагийн 80 автобус орж ирсний дараа ногоон автобус олны анхаарлын төвд орж, “евро-2” хөдөлгүүртэй хуучин автобус болох нь тогтоогдсон гэж хэлж болно. Хэргийг мөрдөн шалгах явцад шинжээчид үүнийг тодорхой баримтуудаар нотлоод байгаа юм.

Тодруулбал, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн оруулж ирсэн их багтаамжийн дизель хөдөлгүүртэй ногоон автобусны загварыг үйлдвэрлэгчийн гаргасан каталоги дээрээс харахад “евро-2” гэдэг нь батлагдаж байна. Мөн үйлдвэрлэгч талаас гаалийн байгууллагад өгсөн баримт бичиг дээр “евро-2” гэдгийг тодорхой тэмдэглэж, хуучин автобус гэдгийг нь баталсан баримт бичиг илэрчээ. 

evro_hoer_tehnikijn_barimt_bicig 

asiglasan_avtobus 

Иймээс шинжээч дараах дүгнэлтийг гаргасан байна. 

Техникийн тодорхойлолт боловсруулж, батлуулахдаа бодлогын баримт бичиг, шаардлагатай эрх зүйн актуудыг дутуу судалсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Ажлын хэсэг автобуснуудыг хүлээж авахдаа техникийн тодорхойлолтод заасны дагуу нэг бүрчлэн үзүүлэлт бүрээр тулган, шалган хүлээж аваагүй байх магадлалтай байна. 

Дунд багтаамжийн “Hyundai County” маркийн автобус, их багтаамжийн дизель хөдөлгүүртэй “Daewoo BS 106” маркийн автобусны үйлдвэрлэгчийн “Техникийн баримт бичгийн бүрдэл хангалтгүй” гэж үзэхээр байна.

Тэгвэл техникийн хувьд “ногоон автобус” нь яг ямар асуудалтай байсныг бид дараагийн цувралаар илүү тодорхой хүргэх болно.