Гадаад улсад оршин суугаа сонгуулийн эрх бүхий Монгол Улсын иргэд Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд санал өгнө.
Гадаад улсад оршин суугаа сонгуулийн эрх бүхий Монгол Улсын иргэд Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцож, сонгох эрхээ эдэлнэ. Бүртгэл өнгөрөгч тавдугаар сарын 6-наас энэ сарын 15-ныг хүртэл үргэлжиллээ.
Бүртгэлийн мэдээллээс харахад нийт 34 улсаас 13095 сонгогч УИХ-ын ээлжит сонгуульд саналаа өгөхөөр бүртгүүлжээ. Энэхүү мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын нэрийн жагсаалттай тулгаж, сонгогчдын нэрийн жагсаалтыг эцэслэсний дараа тодорхой тоо гарах юм байна.
Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэл нь баталгаажсан сонгогч 2024 оны зургаадугаар сарын 20, 21, 22 болон 23-ны өдрүүдэд тухайн оршин суугаа улсынхаа цагаар 07:00-22:00-н хооронд саналаа өгнө. Ингэхдээ өөрийн бүртгүүлсэн Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газарт байрлах санал авах байранд гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэхтэйгээ очиж сонгох эрхээ эдэлнэ.