Ховд аймагт саналын хуудас бөглүүлсэн тухай асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ
Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн Засаг дарга н.Цэнд-Аюуш МАН-аас УИХ-ын сонгуулийн хоёрдугаар тойрогт нэр дэвшиж буй арван хүний нэрийг бичиж тусгайлан бэлдсэн саналын хуудсыг иргэдэд мөнгө өгч бөглүүлж байгаад газар дээрээ баригдсан гэх агууллагатай мэдээлэл өчигдөр Khovd.mn сайтаар цацагдсан. Улмаар Khovd.mn сайтын сэтгүүлчийн зүгээс Ховд аймгийн цагдаагийн газарт өчигдөр шөнийн 23:00 цагт саналын хуудсыг иргэдэд мөнгө өгч бөглүүлж байгаа талаарх гомдол мэдээллийг гаргажээ.
Аймгийн цагдаагийн газраас тухайн байранд үзлэг шинжилгээ хийхэд 224 ширхэг саналын хуудас гэх материал олдсон байна. Харин ямар ч бэлэн мөнгө олдоогүй гэж мэдээлэв. Харин тус материалыг ухуулагч нарт сургалтын журмаар ашиглах гэж хуулбарласан гэдэг тайлбарыг өгчээ. Одоогоор аймгийн цагдаагийн газар мөрдөн шалгах ажиллагааг явуулж буй юм байна.
Мөн цагдаагийн байгууллагаас өчигдөр шөнө Чингэлтэй дүүргийн долоодугаар хорооны нутаг дэвсгэрт байршуулсан УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгааны хуудсыг иргэн Э урж, гэмтээснийгтогтоон шалгаж эхэлсэн байна. Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 41.11-д “Сонгуулийн сурталчилгааны хугацаанд гудамж, талбайд байрлуулсан зурагт самбарыг гэмтээх, устгахыг хориглоно” гэж заасан ба дээрх хуулийн 80.1-д Сонгуулийн тухай хууль зөрчсөн этгээдэд Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Зөрчлийн тухай хууль болон Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан байдаг талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.