Д.Бат-Эрдэнэ: Санал хуудас бол хэн нэгэн дураараа хэвлэдэг, хувилдаг материал биш
Khovd.mn мэдээллийн сайт өчигдөр Ховд аймгийн Жаргалан сумын Хайрхан багийн Засаг дарга н.Цэнд-Аюуш МАН-аас УИХ-ын сонгуулийн хоёрдугаар тойрогт нэр дэвшиж буй арван хүний нэрийг бичиж тусгайлан бэлдсэн саналын хуудсыг иргэдэд мөнгө өгч бөглүүлж байгаад газар дээрээ баригдсан гэх агууллагатай мэдээллийг түгээсэн. Тэгвэл тус мэдээлэлтэй холбоотойгоор СЕХ-ноос мэдээлэл хийлээ.
СЕХ-ны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ:
Санал хуудсыг хэн нэгэн дураараа канондоод, хэвлэдэг материал биш. ТЕГ, СЕХ, сонгуульд өрсөлдөж буй бүх нам, эвслийн төлөөллийн хараа хяналтын дор хэвлэдэг. Саналын хуудсыг өчигдөр оройноос хэвлүүлж эхэлсэн. Ховд аймгийн саналын хуудсыг хэвлүүлж эхлээгүй байна. Өчигдөр дөнгөж Баян-Өлгий аймгийн саналын хуудсыг хэвлэж эхэлсэн. Хэвлэх ажиллагаанд бүх нам эвслийн төлөөлөл болон хэвлэл мэдээллийн байгууллагынхан ч очмоор байна. н.Цэнд-Аюуш гэх хүн саналын хуудас бариад явж буй цаасыг төхөөрөмж уншихгүй. Тийм ч юм гэж байхгүй. Тус иргэн нь манай СЕХ-ноос томилогдоогүй хүн. СЕХ-ноос бүх үйл ажиллагаагаа ил нээлттэй явуулж байгаа.
Харин Khovd.mn сайт нь тус бичлэгийг өөрсдийн цахим хаягаас устгасан байна.