Хэргийн тэмдэглэл: “Ногоон автобус”-ны тендерт “Тэнүүн-Огоо” ХХК шалгарсан нь
Хэргийн тэмдэглэл: “Ногоон автобус”-ны тендерт “Тэнүүн-Огоо” ХХК шалгарсан нь

"Ногоон автобус”-ны нээлттэй сонсголын үеэр ил болсон мэдээллийг цувралаар хүргэж байна. 

Ингээд тус газрын дарга Г.Энхтайван эрх шилжиж ирснээс хойш тав хоногийн дараа ажлын хэсэг байгуулжээ.

УИХ-ын Хянан шалгах түр хорооноос зохион байгуулсан “Ногоон автобус”-ны нээлттэй сонсголын үеэр ил болсон мэдээллийг цувралаар хүргэж байна. 

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Ногоон автобус”-ны хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах захирамж гаргахдаа тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан тендерийн буюу төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4 дэх заалтыг үндэслэсэн. 

Тодруулбал, хөрөнгө оруулалтыг “Хуулиар төрийн нууцад хамааруулсан болон үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой тусгай зориулалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, техник, байгууламж, ажил, үйлчилгээ болон галт зэвсэг худалдан авахтай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулахгүй” гэх заалтад хамааруулсан нь сонгон шалгаруулалтыг тендерийн хуулиас гадуур зохион байгуулах нөхцлийг бүрдүүлсэн тухай бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл “Ногоон автобус”-ны буюу нийслэлийн “Нийтийн тээврийн автобус” худалдан авах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үйл явц хэрхэн үргэлжилснийг гэрч, шинжээчдийн дүгнэлтэд үндэслэн тодорхой харуулж байна. 

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу автобус худалдан авах тендерийг зохион байгуулах эрх нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт шилжсэн байдаг. Ингээд тус газрын дарга Г.Энхтайван эрх шилжиж ирснээс хойш тав хоногийн дараа ажлын хэсэг байгуулжээ.

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар /НХААГ/-аас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр холбогдох газрууд руу ажлын хэсгийн гишүүдийн нэрс ирүүлэх албан бичиг явуулсан байна. Энэ албан бичгийн дагуу Нийслэлийн нийтийн тээврийн газар, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо гэсэн гурван байгууллагаас нэг нэг хүний нэр ирсний дээр, НХААГ-аас ажлын хэсгийн ахлагч, нарийн бичгийн даргыг томилж, нийт таван хүний бүрэлдэхүүнтэйгээр ажлын хэсэг байгуулжээ.

byambaa_1 Зураг 1

Гэтэл ажлын  хэсэгт багтсан Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооны менежер С.Бямбасүрэн нь тендерт шалгарсан “Тэнүүн-Огоо” ХХК-ийн Ерөнхий захирал А.Ганхуягтай харилцан хамааралтай гэдгийг шинжээч тогтоожээ. Тодруулбал, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн ерөнхий захирал А.Ганхуяг нь Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооны эцсийн өмчлөгч, үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд удирдах зөвлөлийн даргын албыг хашдаг юм байна. Өөрөөр хэлбэл, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн оролцож шалгарсан тендерийн ажлын хэсэгт холбооных нь менежер багтсан гэсэн үг. Мөн нийслэлийн Нийтийн тээврийн газраас том оврын автобусны техникийн тодорхойлолт гаргахад Том оврын автобус эрхлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Ж.Дамдинсүрэн оролцсон нь анхаарал татаж байна.

byambaa_3 Зураг 2 

НХААГ-ын ажлын хэсэг нийт дөрвөн удаа хуралдаж, “Тэнүүн Огоо” ХХК-ийг энэ тендерт шалгаруулсан. Ингэхдээ техникийн тодорхойлолт болон шалгуур, шаардлагуудаа тодорхой болгосны дараа “Тэнүүн-Огоо” ХХК-д урилга хүргүүлсэн байна.

Уг нь нийслэлийн Нийтийн тээврийн газраас зургаан аж ахуйн нэгжийн нэр ирүүлсэн ч 2023 оны нэгдүгээр сарын 13-нд зөвхөн “Тэнүүн-Огоо” ХХК-д тендерийн мэдээллийг явуулж, зургаан хоногийн хугацаанд буюу нэгдүгээр сарын 19-ний дотор бичиг баримтаа бүрдүүлж ирүүлэх хугацаа олгожээ. Харин үлдсэн таван компанид нь нэгдүгээр сарын 17-нд урилга явуулж, нэгдүгээр сарын 20-ны 11 цаг хүртэл гурав хоногийн хугацаа олгосон байдаг.

Мөн нийслэлийн Засаг даргад хандаж тендерт оролцох хүсэлт гаргасан “Булбул” ХХК-д нэгдүгээр сарын 19-ний өдөр нэг хоногийн хугацаанд тендерийн материал бүрдүүлж ирүүлэх урилга явуулсан боловч тус компани материалаа заасан хугацаанд амжиж ирүүлээгүй байна.

byambaa_4 Зураг 3

Ингээд эцэст нь “Тэнүүн-Огоо” ХХК-ийн ирүүлсэн материал зарим техникийн тодорхойлолт хангаагүй ч гүйцэтгэгчээр сонгон шалгаруулжээ. Техникийн үзүүлэлт зөрсөн дөрвөн үзүүлэлт дээр нэмэлт тодруулга авахаар ажлын хэсгийн тэмдэглэлд тусгажээ. Харин бусад таван компанийн хувьд бичиг баримтын бүрдэл дутуу гэх шалтгаанаар шалгараагүй байна. 

“Тэнүүн-Огоо” ХХК-ийн хувьд зарим техникийн үзүүлэлт зөрснийг эс тооцвол 280 хуудас бүхий их хэмжээний баримт материал ирүүлсэн байдаг. Энэ дунд нь автобус нийлүүлэгч Солонгосын компанитай урьдчилан хийсэн гэрээний хуулбар, мөн хамтран ажиллагч “Эм Эс И партнерс” ХХК-тай байгуулсан гэрээ зэргийг хавсаргажээ. Гэтэл тэдний урьдчилан хийсэн гэрээ нь захиалагч тал буюу нийслэлийн худалдан авахаар төлөвлөсөн автобусны тоо ширхэгтэй яв цав таарч байсан нь анхаарал татсан гэдгийг УИХ-ын Хянан шалгах түр хорооны сонсголд оролцсон шинжээч онцолсон юм. 

byambaa_5 Зураг 4

Тодруулбал, нийслэлээс их багтаамжийн 600, дунд оврын 50 дизель автобус авахаар төлөвлөсөн. Мөн их багтаамжийн 160 ширхэг цахилгаан автобус авахаар техникийн үзүүлэлтийг нь гаргасан байдаг. “Тэнүүн-Огоо” ХХК-ийн урьдчилан байгуулсан гэрээ нь энэ тоо ширхэгтэй таарч байсан гэсэн үг. 

Үүнээс харахад “Ногоон автобус” худалдан авах, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер нь ил тод, нээлттэй бус, оролцогчдод тэгш боломж олгоогүй, захиалагч болон гүйцэтгэгч талуудын хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж үр ашиггүй худалдан авалт болсон гэж шинжээч дүгнээд байна.