Хүү минь том эр болжээ
“Миний хүү ч бас том болоод ах шигээ ийм мундаг цэрэг болоорой”, “Хүү минь том эр болжээ”, “Хацар нь бумбайгаад, таргалчихсан юм уу даа” хэмээн аав, ээжүүд жагсаалын талбайд номхон зогсоо хөвүүдээрээ бахархан бас өхөөрдөн ярилцана.
Монголчуудын сайн хэмээн бэлгэддэг морин цагт Цэргийн гавьяаны одонт, Хилийн цэргийн 0164 дүгээр ангийн цэргийн тангараг өргөх ёслол хилийн цэргийн үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн дор эхэллээ. Тус ангийн 2024 оны нэгдүгээр ээлжинд Хэний, Дархан, Сэлэнгэ, Төв аймаг болон нийслэлийн зургаан дүүргийн залуус цэргийн албанд татагджээ.
Яг сарын өмнө нормын эрээн хувцсаа өмсөж, цэргийн амьдралд хөл тавьсан залуус өнөөдөр эцэг эхчүүддээ сурсан мэдсэнээ танилцууллаа. Цэрэгт татагдсан залуусын олонх нь өөрийн саналаар ирсэн. Тэдний дунд тусгай дунд, дээд боловсролтой залуус зонхилж буйг 0164 дүгээр ангийн захирагчийн I орлогч, штабын дарга, дэд хурандаа Г.Даваадорж онцолсон юм.
Цэргийн алба тэр дундаа хилчний алба нь эр зориг, тэсвэр хатуужлыг олгож, эх оронч үндэсний үзлийг төлөвшүүлдэг амьдралын их сургууль гэдгийг тус ангийн удирдлагууд дурдлаа. Мөн Тээвэр хангалтынхан гэх тодотголтой 85 жилийн түүхт, Цэргийн гавьяаны одонт, Хилийн цэргийн 0164 дүгээр ангийн цэргийн хамт олны эгнээнд албан ёсоор нэгдэж буй шинэ цэргүүддээ амжилт хүслээ.
Хилчин байлдагч М.Содномдаржаа
Цахим орчноос түр амсхийхийн тулд цэрэгт явсан хэмээн олзуурхах хилчин байлдагч М.Содномдаржаатай ярилцлаа. Тэр бол “Содном гуайн миймдэлт” гэх цахим хуудсыг хөгжүүлэгч. Мөн цөөнгүй дагагчтай тэрбээр ихэвчлэн нийгэмд өрнөж буй сэдвийн хүрээнд хошин “meme” хийдэг билээ. “Модод нахиалах цагаар эргээд уулзацгаая даа” гэж өөрийн цахим хуудастаа нийтэлсэн хотын залуу ийнхүү цэргийн тангараг өргөж хилчин байлдагч болжээ. М.Содномдаржаа цэргийн албаны талаар “Миний хувьд ажлаас гэр хол байсан учир өглөө эрт босдог байсан. Тиймээс өглөө эрх босоход хүндрэлтэй байгаагүй. Мөн гал тогоонд ажилладаг байсан. Гал тогоо бол хагас цэрэгжилтийг шаарддаг, хариуцлагатай ажил. Иймээс албандаа дасахад хүндрэл гараагүй. Өмнө нь хоол идэж байхдаа утсаа оролддог зуршилтай байсан. Одоо дэлгэц харахгүйгээр идэж байгаа хоол хүртэл амттай санагддаг болсон. Цэргийн албаа нэр төртэй хааж ирээд, “meme”-гээ үргэлжлүүлнэ. Мөн “youtube” суваг нээх бодолтой байна” гэв. Мөн нийгмийн болж, бүтэхгүй олон асуудлыг хөнгөхөн егөөддөг түүний хувьд илүү чанартай “meme” санааг цуглуулсаар байгаа аж.
Дэд хурандаа Г.Даваадорж
Хилийн цэргийн 0164 дүгээр ангийн Захирагчийн I орлогч, штабын дарга, дэд хурандаа Г.Даваадорж:
2024 оны нэгдүгээр ээлжээр татагдсан залуус мань иргэний цэргийн үүргээ биелүүлж, цэргийн тангараг өргөснөөр цэргийн жинхэнэ алба хаагч болж байна. Цаашид ангийн хоногийн харуул манаа, улсын хил хамгаалалтад хүч нэмэгдүүлж үүрэг гүйцэтгэх, хилийн инженерийн бүх төрлийн ажилд оролцох зэрэг олон төрлийн чиг үүрэгтэйгээр алба хаана. Мэдээж цэргийн албанд ирсэн хойно нь тусгай хөтөлбөрийн хүрээнд цэргийн хэргийн мэдлэг олгож, эх оронч үзэл төлөвшүүлэх зэрэг ажил хийгдэж байна. Тусгай дунд, дээд боловсролтой залуус олон бий. Тэдэн дунд англи, орос, солонгос хэлний ахисан шатны мэдлэгтэй залуус цөөнгүй. Цаашдаа алба хаах хугацаандаа анги дотроо гадаад хэлний дугуйлан хичээллүүлэх зэрэг нэгнээсээ суралцах олон талт сургалтууд зохиох бүрэн боломжтой харагдаж байна гэв.
Шинэ цэргүүд Цэргийн тангараг өргөж буй агшин
ХЦА-чид ангийн байлдааны туганд хүндэтгэл үзүүлж байна
Цэрэг эрс дуу нэгтэйгээр "Монгол Улсын иргэн би, Монгол Улсын үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ үнэнчээр биелүүлж, өвөг дээдсийнхээ ариун гал голомт болсон Монгол Улсынхаа халдашгүй дархан байдлыг амь бие үл хайрлан батлан хамгаалахаа эх орон ард түмэндээ андгайлан тангараглая" хэмээн цэргийн тангаргаа өргөж эх орны цэрэг эрс болсноо баталсан нь бахархал төрүүлж байв.
Хилчин байлдагч О.Оюунбадрах
Хилийн цэргийн 0164 дүгээр ангийн хилчин байлдагч О.Оюунбадрах:
-Би 23 настай. Өмнө нь цахим орчинд түгж буй мэдээллээс үүдэж цэргийн албанаас зугтдаг байсан. Гэвч цэргийн албаны анхны сэтгэгдэл бодсоноос өөр байсан. Ард байхдаа “Premier sport network”-д зураглаачаар ажилладаг байсан. Хүмүүс цэргийн албанд татагдсанаар жил алддаг гэж их ярьдаг юм билээ. Миний хувьд хуулиараа эргээд ажилдаа орох боломжтой учир харамсахгүй байна. Манай гэр бүлээс цэрэгт явсан хүн байхгүй. Дүү нартаа үлгэр жишээ болж цэрэгт явсан даа баяртай байна гэлээ.
Мөн тэрбээр тангараг өргөсөн дайчдыг төлөөлж үг хэлсэн юм. “Үүргээ биелүүлэхээр өөрийн хүсэлтээр татагдан ирж алба хааж буйдаа маш их баяртай байна. Цэргийн албанд ирээд цэргийн эрдэмд шамдан суралцаж, захирагч, дарга нарын өгсөн үүрэг, даалгаврыг цаг тухайд нь алдаа, мадаггүй биелүүлж сурлаа. Хамтран алба хааж буй он жавууд бидний баяр дээр баяр нэмэхээр хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчид, гэр бүлдээ эрүүл энх, саруул, сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэв.
Хилийн цэргийн 0164-р ангийн дайчдын гардан тулааны үзүүлбэрийн үеэр
Үд дундаас эхэлсэн цэргийн тангараг өргөх ёслол 14:00 цагт өндөрлөлөө. Захирагч даргын “Болно, Тар” командаар хугацаат цэргийн алба хаагчид гэр бүлийнхэнтэйгээ уулзахаар яаран гүйлдэнэ. Ёслолын ажиллагаа тарах энэ л мөчийг тэсэн ядан хүлээж байсан хүмүүс хүүгээ, ахыгаа, нөхөр, найз залуугаа санасан олон баярын нулимс дүүрэн уулзалдана. Зуны нарлаг өдөр 0164 дүгээр ангийн талбайд “санасан шүү, яасан их борлоо вэ, ямар хөөрхөн юм бэ, сайхан харагдаж байна, бахархмаар юм аа…” гэх үгс, баяртай инээд, жаргалтай шуугиан тасралтгүй үргэлжилнэ.
Гэрэл зургийг Ц.Хонгор