06 сарын 06, 2024
Сонгуулиа хийхээр чуулган завсарлав
Сонгуулиа хийхээр чуулган завсарлав

УИХ-ын чуулган ирэх сарын 1-ний өдөр хүртэл түр завсарлалаа.

УИХ-ын чуулган ирэх сарын 1-ний өдөр хүртэл түр завсарлалаа.

Хаврын ээлжит чуулган ажлын 58 өдөр чуулж, 240 гаруй хууль тогтоомжийг хэлэлцэн баталсан байна. 2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан 8 дахь удаагийн парламент ээлжит болон ээлжит бус 12 чуулган, хүндэтгэлийн 5 хуралдаан хийж, нийт 2200 шахам хууль тогтоомж баталжээ.

63491ae279264784be142aac87ebde3d Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд олон зүйлээр хамт ажилласанд талархаж байгаагаа илэрхийлэх гэсэн юм. Баярлалаа. Энэ Улсын Их Хурал бол маш онцлогтой Улсын Их Хурал байлаа. Миний хувьд Ерөнхий сайдаар томилогдох үед бүгдээрээ масктай, бүгдээрээ шилэн хоргоны цаанаас хоорондоо харилцаж, хил хэзээ нээгдэх нь тодорхойгүй, эрх зүйн орчин маш хүнд, улсын төсөв 30 орчим хувиар тасарчихсан байсан. Та бүхэн цар тахлыг даван туулах Засгийн газрын багц бодлогыг дэмжсэн. Парламентын гишүүд хүнд үед нэгдмэл байж, том зургаар харж, ажилласнаараа бид цар тахлыг давж чадсан.

Мөн Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд өөрсдөө төрийн тендерт оролцохгүй гэсэн улс төрийн том шийдвэрийг парламент гаргаж чадсан. Эрдэнэт, Оюутолгой зэрэг олон асуудалд эрх зүйн хувьд цэг тавьж, Цахим бодлогын байнгын хороо байгуулж, цахим яам байгуулахыг дэмжсэн парламент байлаа гэсэн юм.

Монгол Улсын Ерөнхий сайдыг үг хэлсний дараа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 126 гишүүн хүлээн авах Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны танхимын засварыг 2024 оны 06 дугаар сарын 28-наар эцэслэн дуусгахыг Тамгын газарт үүрэг болгоод, чуулганыг завсарлуулахдаа үг хэлсэн юм.

a005d754a89c42e6905875bc9deb7c2a Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар:

Манай парламент батлан гаргасан хууль тогтоомжийн тооноос гадна чанарын үзүүлэлтээр амжилт тогтоосон, ажил хэрэгч парламент байж чадлаа. Ард түмний засаглах эрхийг хангах, шударга ёс, хуулийн засаглал тогтоох шинэчлэлүүд хийж, шударга ёсны төлөөх нийгмийн давалгааг эрх зүйн шинэчлэлээр дэмжсэн нь цэгцрэх хөдөлгөөнийг түрж, түүчээлсэн манлайлал болж чадсан.  Тиймээс шинэтгэгч парламент болж түүхэнд үлдэнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Бидний “томилолтын” хугацаа өндөрлөх дөхөж байна. Намчирхал, талцлыг хойш тавьж, Монголоо сэргээн мандуулах, Монголын нийгэм, улс төр, эдийн засгийн тогтолцоог эрүүлжүүлэх эрхэм зорилгын төлөө гар, сэтгэл нийлж ажилласан эрхэм гишүүддээ талархал илэрхийлье. Та бүхэндээ болон Монголынхоо нийт ард түмэнд амжилт ялалт, баяр бахархлыг хүсэн ерөөе. Улсын Их Хурлын тухай хуулийн 22.18-д заасны дагуу 2024 оны хаврын ээлжит чуулганыг завсарлуулж байгааг мэдэгдье 

Эх сурвалж:  Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар.