Монполимет группээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв. Монцемент-Улаанбаатар үйлдвэр. 2024.06.04
Монполимет Группээс өнөөдөр цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийлээ. Өнгөрөгч сарын 28-ны өдөр тус группийн үүсгэн байгуулагч, аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ц.Гарамжавыг АТГ-аас саатуулсан, долоо хоногийн сүүлчээр гэнэт компаниудын дансыг хааж, тооцоо гүйлгээний үйл ажиллагааг нь бүр мөсөн зогсоосон байна. Энэ тухай Монполимет ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Дэлгэр, Монцемент Билдинг Материалс ХХК-ийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Ц.Халиун болон ажилтнуудын төлөөлөл олон нийтэд хандлаа.
Тухайн мэдээллээс онцлох 21 эшлэлийг хүргэж байна.
2. Монцемент төслийг хэрэгжүүлэхээр Хөгжлийн банкнаас авсан зээлийн хөрөнгө 100 хувь тус төсөлд зарцуулагдсан. Ямар ч банк аливаа зээлийг олгосныхоо дараа зарцуулалтыг шалгадаг. Бүхий л баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт, аудит хийгээд явдаг байсан. Зээл олгож байгаа бол зарцуулалтыг өөрсдөө байнга шалгадаг. Энэ тухай Хөгжлийн банкны тухайн хүмүүс ч өөрсдөө хэлэх байх. Та бүхнийг ч энэ тухай тэднээс асуугаасай гэж бодож байна.
3. ҮАБЗ-өөс 2012 оны 12 сарын 3-нд стратегийн ач холбогдолтой төслүүдийн нийт хөрөнгө оруулалтын 25 хувийг дотоодоос босгох тухай зөвлөмж гарч байсан. Үүний хүрээнд Монцемент төсөл Хөгжлийн банкны бүх шалгуурт нийцэж уг зээлийг авсан. Тухайн үед 126.6 тэрбум төгрөгийн зээл авснаас 260.2 тэрбум төгрөгийн эргэн төлөлтийг хийсэн. Ханшийн алдагдлыг дангаараа үүрч авсан зээлээ нэг нугалан төлж дуусгасан.
4. Хөгжлийн банкны асуудал сүүлийн долоон жилийн хугацаанд тасралтгүй яригдаж байна. УИХ-аас зохион байгуулсан сонсголуудаар бусад шалгалтаар ч тэр хамгийн амжилттай хэрэгжсэн төсөл гэж нэрлэдэг.
5. Манай улсад бүтээн байгуулалт, уур уурхайн салбарын үйл ажиллагаа маш богинохон хугацаанд явагддаг. Бид улсын болон олон улсын чанартай төслүүдэд цементээ нийлүүлдэг. Мянган сорилтын сангийн компакт гэрээгээр хэрэгжүүлж байгаа Усны үйлдвэрийн төсөл, Газрын тосны үйлдвэрийн төсөл, орон нутгийн хатуу хучилттай авто замууд гэх мэт. Гэтэл одоо тэдний өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй нөхцөлд орж байна.
8. Манай компани өдөрт 70 гаруй сая төгрөгийн татвар улсад төлдөг. 200 гаруй ханган нийлүүлэгчтэй хамтран ажилладаг. Түлш, шатахуунаас эхлээд бүхий л төлбөрөө төлж чадахгүйд хүрч байна.
10. 2024.05.28-ны өдөр АТГ-аас манай ажлын байранд ирж нэгжлэг хийсэн. Оффисийн ажилтнууд 60 орчим хувь нь эмэгтэйчүүд байдаг. Бид зүгээр л ажлаа хийж байтал гэнэт орж ирээд Хөгжлийн банктай холбоотой нотлох баримтуудыг цуглуулна, авна гэж мэдэгдсэн. Гэхдээ ямар ч ач холбогдолгүй зүйлс, хүний хүүхдийн зураг зэрэг хэтэрхий хувийн зүйлсийг хураан авсан.
11. Манай зарим захирлын гэрт прокурорын зөвшөөрөлгүй нэгжлэг хийсэн. Тухайн үед хийсэн тэмдэглэлтэй танилцах зэрэг хууль ёсны эрхээ хангах боломж олгоогүй. Энийг бид хуулийн дагуу үйлдэл гэж бодохгүй байна. Биднийг хууль ёсны эрхээ эдлэх боломжоор хангаагүйд туйлын гомдолтой байгаа.
12. Манай Тосон үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоох гэж байгаа тухай мэдээлэл ирсэн. Бид уул уурхай, бүтээн байгуулалтын салбарын идэвхтэй 4-5-хан сарын хугацаанд үйл ажиллагаа явуулдаг. Улс орондоо татвараа төлдөг, цалингаа тавьдаг. Гэтэл өнөөдөр сонгуулийн өмнө гэнэтийн нэгжлэг хийж, зэрэг зэрэг янз бүрийн үйл ажиллагаа явуулж ийм нөхцөл байдалд хүргэж байна. Яагаад вэ?
13. Манай захирлыг эмэгтэй хүн гэж дарамтлаад байгаа юм уу. Эсвэл сонгуулийн шоу янз бүрийн юмны халхавч болгоод байгаа юм уу. Би сайн ойлгохгүй байна. Манай хамт олны өдөр тутмын үйл ажиллагаагаа тайван амгалан явуулах боломжийг олгож өгөөч гэж төр засаг, хууль хяналтын байгууллага бүгдэд нь хандаж уриалж байна. Өргөн түмэн олноосоо дэмжлэг хүсэж байна.
14. Үндэсний үйлдвэрээ дэмжинэ гэж байсан Засгийн газар маань дарамтлах хэлбэрт орж байх шиг санагдаж байна. Шалгаж байна гээд хорилоо, дансыг нь хаалаа, үйл ажиллагааг зогсонги байдалд орууллаа. Одоо болиоч ээ, хэвийн ажиллах нөхцөлийг хангаж өгөөч ээ гэж хүсэж байна.
15. Өнгөрсөн өдрүүдэд болсон үйл явдалд манай компанийн удирдлагууд болон 1000 гаруй ажилтан цочидож байна. Үүсгэн байгуулагчийг маань саатуулсан, дансыг хаасан хэрээс хэтэрсэн үйл явдлууд болж өнгөрлөө.
17. Төр засгаас түрүүлж алхаж хувийн хэвшлийнхэн маань нягтрал бөөгнөрлийг сааруулахын тулд хөдөө орон нутагт том бүтээн байгуулалт хийж, ажлын байрыг бий болгож байна. Та бүхэн Дорноговь аймагт хичнээн сайхан үйлдвэр байгуулсан, хэдэн орон сууц барьсан, хэдэн зуун залуус, гэр бүл тэнд ажиллаж амьдарч байгааг та бүхэн очоод хараарай.
18. Сүүлийн 4-5 хоногийн хугацаанд олон нийтийн мэдээлийн хэрэгсэл, цахим орчинд маш олон хүн үзэл бодлоо илэрхийлж байна. Үүсээд буй асуудлыг улс төр геополитикийн асуудалтай холбон тайлбарласан байна. Бидний хувьд энэ асуудалд дүгнэлт хэлэх боломжгүй.
19. Хөгжлийн банк импортыг орлох, экспортыг дэмжих, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэр төслүүдэд санхүүжилт олгоход чиглэнэ гээд хуульд нь заасан байдаг. Монцемент бол энэ шаардлагад бүрэн нийцсэн төсөл. Төлбөрийн тэнцэл эерэг гарахад хүнд аж үйлдвэр, цемент үйлдвэрлэлийн салбар маш өндөр нөлөө үзүүлдгийг ЭЗХЯ, Монгол банк ч хэлэх байх.
20. Данс тооцоо хаана гэдэг бол ер нь үйл ажиллагаа зогсоож байгаа гэсэн үг. Үйл ажиллагаагаа явуулах боломжгүй боллоо. Бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй боллоо. Монгол Улсын Төрийн тэргүүн танаа, УИХ-ын дарга танаа, Засгийн газрын тэргүүн танаа энэ дарамт шахалтад анхаарлаа хандуулж, бидний үйл ажиллагаагаа хэвийн явуулах эрхийг хангаж өгөөч.
21. Монгол Улсад үйлдвэрлэл, бүтээн байгуулалт хэрэгтэй. Хөгжлийн амин сүнс гэж байнга ярьдаг. Гэтэл хувийн хэвшил нь нэг алхам түрүүлж алхаад хөрөнгө оруулалтаа шийдээд ҮАБЗ-ийн зөвлөмжид заасны дагуу өөрсдийн хувь нэмрээ оруулаад явж байна. Бид зөвхөн цементийн үйлдвэр гэдгээр бус ажлын байр бий болгох, төвлөрлийг сааруулах, импортыг орлох, төгрөгийн ханшийг тогтвортой байлгах зэргээр олон зүйлд дам нөлөө үзүүлдэг. Гэвч яагаад дандаа дарамталдаг юм бэ. Энэ дарамт хэрээс хэтэрлээ. Хэзээ зогсоох вэ? Ажил хөдөлмөрөө тайван эрхэлмээр байна.