Канадын дэмжлэгээр хэрэгжиж буй жендэрийн төсөл өсвөр насны охид, хөвгүүдэд чиглэнэ
Канадын дэмжлэгээр хэрэгжиж буй жендэрийн төсөл өсвөр насны охид, хөвгүүдэд чиглэнэ

Эх сурвалж: ХЗДХЯ

“Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь (2025–2030)” төслийн хоёрдугаар шатны нээлт өнгөрсөн зургаадугаар сарын 10-ны өдөр болсон билээ. Канад Улсын Засгийн газрын санхүүжилттэй Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (ОУЭЗХБ) хэрэгжүүлж буй энэхүү төслийн удирдах хорооны анхдугаар хурал өнөөдөр /2025.10.17/ Улаанбаатарт боллоо.

Хурлаар ирэх таван жилийн үйл ажиллагааны хэрэгжилтийн төлөвлөгөө болон эхний жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө, гол зорилтууд, цаашдын чиглэл болон Монгол Улсын жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх бодлоготой уялдуулах асуудлыг хэлэлцэв.

Төслийн хоёрдугаар шат нь малчид, орон нутгийн иргэд болон өсвөр насны охид, хөвгүүдэд тусгайлан чиглэж байна. Эхний жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд Гэр бүл, насанд хүрээгүй хүний хэргийн дагнасан шүүхэд дэмжлэг үзүүлэх, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн сэтгэл зүйн гэмтэлд суурилсан хууль зүйн үйлчилгээ үзүүлэх, мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх зэрэг олон хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Хурлын явцад гишүүд гэр бүлийн хүчирхийлэл, жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг тэмцэж буй Засгийн газар, иргэний нийгэм, шүүх эрх мэдэл, хууль сахиулах, нийгмийн хамгаалал болон бусад салбарын хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоог сайжруулах, нотолгоонд суурилсан бодлого боловсруулж, хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлагын талаар онцолж байв.

Төслийн Удирдах хорооны бүрэлдэхүүнд Канадын Гадаад хэргийн яам болон Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын Дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хүний эрхийн Үндэсний Комисс, Улсын Ерөнхий прокурорын газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Жендэрийн үндэсний хороо, Монголын Хуульчдын Холбоо, Иргэний нийгмийн байгууллагын хамтын хүч түншлэл төрийн бус байгууллага зэрэг төр, олон улсын болон иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд оролцлоо.

Хурлыг ОУЭЗХБ-ын Суурин төлөөлөгч Чарльз Болланд, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар мөн Канад Улсын Элчин сайдын яамны Хөгжлийн хөтөлбөрийн тэргүүн Жан-Стефан Кутюр нар нээсэн. Харин хурлыг Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар болон Канад Улсын Гадаад хэргийн яамны Монгол ба Номхон далайн орнуудын Хөгжлийн хөтөлбөрийн ахлах мэргэжилтэн Марун Абу Файсал нар хамтран даргалж явуулав.