Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар Азийн хөгжлийн банкны Байгаль орчны асуудал хариуцсан дарга Ёко Ватанабэтэй уулзжээ.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар Азийн хөгжлийн банкны Байгаль орчны асуудал хариуцсан дарга Ёко Ватанабэтэй уулзан хоёр талын уур амьсгалын өөрчлөлт, ногоон хөгжил, биологийн олон янз байдал, бохирдол болон доройтлыг бууруулах хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар ярилцжээ.
Талууд ирэх оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын бэлтгэл ажлын хүрээнд яриа өрнүүлсэн байна. Б.Батбаатар сайд санал, санаачилга, тэдгээрээр дамжуулан хэрэгжүүлэх боломжтой төсөл хөтөлбөрүүдийн агуулга болоод төлөвлөлтийн талаар тусгайлан танилцуулж хэрэгжилтэд хамтран ажиллах хүсэлт тавьжээ.
Мөн манай Засгийн газраас танилцуулахаар бэлтгэж буй Бэлчээрийн тэргүүлэх санаачилга, Ус ба газрын менежмент болон Байгальд суурилсан шийдлүүдийг ашиглан тогтвортой дэд бүтцийг хөгжүүлэх гэсэн олон улсын гурван санаачилгын төсөл өндөр үнэлгээ авчээ. Санаачилгуудын төслийг хэрэгжүүлэх боломжтой гарц, гаргалгаа болон одоогоор хоёр талын хэрэгжүүлж буй агуулга нэгтэй төслүүдээр дамжуулан бодит ажлуудыг Талуудын 17 дугаар бага хурлаас өмнө гүйцэтгэхүйц байх шийдлүүдийг ярилцсан ажээ.