Би өөрийн улсын тусгаар тогтнолын төлөө гар өргөж байна
Би өөрийн улсын тусгаар тогтнолын төлөө гар өргөж байна

Эх сурвалж: Mongoltoli.mn

Би эрх чөлөөтэй байхыг хүсдэг учир өөрийн улсын тусгаар тогтнолын төлөө гар өргөж байна. Чи бас гар өргөх ёстой.Энэ бол 80 жилийн өмнө монголчууд Монгол Улсынхаа тусгаар тогтнолын төлөө хэлж, бусдыгаа уриалж, тусгаар улс гэдгээ баталгаажуулахын тулд гарын үсэг зурж байсан “Бүх ард түмний санал хураалт”-д зориулсан нэгэн лоозонгийн үг.

1945 оны 10 дугаар сарын 20-ны өдөр бол монголын түүхэнд марташгүй үйл явдал өрнөсөн цаг хугацаа байсан юм. Тэр өдөр Монголын тусгаар тогтнолыг баталсан бүх ард түмний санал хураалт болсон билээ.

Түүхэнд өгүүлснийг тодруулбал, Ялтын бага хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх дараагийн шатны үйл ажиллагаа болсон Зөвлөлт-Хятадын хэлэлцээрийн гол асуудлын нэг нь БНМАУ-ын тусгаар тогтнолыг Дундад иргэн улсаар хүлээн зөвшөөрүүлэх явдал байсан юм. Талууд удаан зөрөлдсөний эцэст “…Япон ялагдсаны дараа хэрэв БНМАУ-ын хүн ам тусгаар тогтнох эрмэлзлээ баталбал Гадаад Монголын тусгаар тогтнолыг одоогийн байгаа хилээр нь зөвшөөрнө” гэсэн нотыг 1945 оны наймдугаар сарын 14-нд солилцжээ.  

Япон улс дайнд ялагдсанаа хүлээн бууж өгсний дараа 1945 оны есдүгээр сарын 21-нд хуралдсан БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 76 дугаар хурлаас “Бүх ард түмний саналыг тус улсын бүх дэвсгэр нутаг дээр 1945 оны 10 дугаар сарын 20-ны өдөр нэгэн зэргээр гаргуулах” тогтоолыг батлан, 85 дугаар хурлаас санал хураалтыг явуулах зааврыг гаргасан байна.

Санал хураах Төв ба салбар комиссууд байгуулагдан бэлтгэл ажлыг сар хүрэхгүй хугацаанд хангаснаар БНМАУ-ын тусгаар тогтнолыг батлах бүх ард түмний санал хураалт товлосон өдрийн өглөөний 06:00 цагт эхэлж 18 аймаг, Улаанбаатар хот, МАХЦ, Хязгаарын цэрэг, 3ХУ-д сурч ажиллаж байсан 487285 хүн буюу нийт сонгогчдын 98.6 хувь  нь оролцож, бүгд тусгаар тогтнолоо баталжээ.

Санал хураалтын дүнгийн тухай Төв комиссын тогтоолыг Улсын Бага хурлын Тэргүүлэгчид батлан 11 дүгээр сарын 10-нд Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улс, Дундад иргэн улсын Засгийн газарт илгээсэн байна.

Дундад иргэн улсын Засгийн газрын төлөөлөгч Ли Фа Жаныг дагалдсан 12 хүнтэй баг Улаанбаатар хотын гурав, тав, наймдугаар хороо, Төв аймгийн Лүн сумын нэгдүгээр багт санал хураалтын явцыг ажигласан. Санал хураалтын дараа Ли Фа Жан “Үнэн” сонины сурвалжлагч Ц.Дамдинсүрэнтэй ярилцаж, 11 дүгээр сарын 1-нд “Гадаад Монголын ард түмний санал хураалтын тухай илтгэл”-ийг ерөнхийлөгч Чан Кай Ши-д өргөн барьжээ. 1946 оны нэгдүгээр сарын 5-нд Дундад иргэн улсын Засгийн газраас  БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн тухай мэдэгдлийг гаргав. Санал хураах Төв комиссын орлогч дарга Ч.Сүрэнжав тэргүүтэй төлөөлөгчид 1946 оны хоёрдугаар сарын 8-нд Чунчинд очиж, санал хураалтын дүнг танилцуулан Засгийн газартай хэлэлцээ явуулсны дүнд 1946 оны хоёрдугаар сарын 13-нд Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Дундад иргэн улсын хооронд дипломат харилцаа тогтоох, элчин төлөөлөгчөө харилцан суулгах тухай нот бичиг солилцжээ.

Гадаад Монгол нэр томьёоны тухайд: Энэ үг 1632 оны үед анхлан гарчээ. Анхандаа Манжид дагаар ороод байсан дотоод засаг 49 хошууны монголчуудыг л нэрлэдэг байв. Гэвч 1691 онд Халх Манжид эзлэгдсэнээс хойш Халхыг бас “Гадаад Монгол”-д багтааж, өмнө нэрийдэж байсан “Гадаад Монгол”-оо “Дотоод засаг” гэж нэрлэх болов. Харин Халхыг “Гадаад засаг” гэж ялгаварлан нэрлэх болжээ. Өөрөөр хэлбэл Чин улсад дагаар орсон монголчуудыг Дотоод Монгол, Гадаад Монгол гэсэн хоёр үндсэн хэсэгт хуваагаад, Гадаад Монгол гэдгээ бас дотор нь “Гадаад засаг”, “Дотоод засаг” гэсэн хоёр хэсэгт хуваасан ажээ.