Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.
Засгийн газар боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагаа болон багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнд үндэслэн олгох нэмэлт урамшууллыг санхүүжүүлэх журмыг баталлаа. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын түвшинд гүйцэтгэл, үр дүнд суурилсан урамшууллын тогтолцоог бүрдүүлэх зорилгоор сүүлийн хоёр жил багшийн ажлын гүйцэтгэл, чанар, үр дүнг улсын хэмжээнд нэгдсэн шалгуураар хөндлөнгөөс үнэлдэг болсон. Тухайлбал, 2022 оны гүйцэтгэлийн үнэлгээгээр сургалтын байгууллагын гүйцэтгэлийн дундаж 71.7 хувь байсан бол 2023 онд 74.2 болсон. Харин багшийн ажлын гүйцэтгэлийн дундаж 2022 онд 72.5 хувь байсан бол 2023 онд 75.7 хувь болж нэмэгдсэн байна.
Иймээс багшийн гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнд үндэслэн 2022-2023 оны хичээлийн жилд цэцэрлэгийн 5937 багшид 5,937,825 мянган төгрөг, ЕБС-ийн 12,296 багшид нийт 31,276,001 мянган төгрөг, 2023 оны 09-12 дугаар сард 12,307 багшид 16,732,248 мянган төгрөг, цэцэрлэгийн 6,450 багшид 3,059,991 мянган төгрөгийн урамшуулал тус тус олгожээ.
Шинээр баталсан журмын дагуу олгох нэмэлт урамшуулалд шаардагдах төсвийг 2024 оны улсын төсөвт тусгасан тул нэмэлт төсөв шаардлагагүй юм байна.
Одоо Засгийн газрын хуралдаанаас гаргасан бусад шийдвэрийг товчоор хүргэе.
- Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндэсний хорооны бүрэлдэхүүнийг баталлаа. Энэ хороог Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга ахалж, орлогч даргаар Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга, Авлигатай тэмцэх газрын авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх хэлтсийн дарга нар ажиллах юм байна. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх Үндэсний хороог байгуулснаар төсвөөс нэмэлт санхүүжилт шаардахгүй бөгөөд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт эрчимжих ач холбогдолтой гэж үзжээ.
- Шинэ Хархорум хот байгуулах газрыг улсын тусгай хэрэгцээнд авна. Шинэ Хархорум хот байгуулах зориулалтаар Архангай аймгийн Өгийнуур, Хашаат, Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт нийт 189363,19 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай тогтоолын төслийг хэлэлцэн дэмжиж, газрын хилийн заагийн эргэлтийн цэгийн солбилцлыг баталлаа. Улсын тусгай хэрэгцээний газрын нөлөөлөлд өртөж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын судалгааг нарийвчлан гаргаж, Шинэ Хархорум хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрыг шилжүүлэх, чөлөөлөх нөхөн олговрыг тооцож, санхүүжилтыг холбогдох хууль, тогтоомжийн дагуу шийдвэрлэх арга хэмжээ авахыг ажил хариуцсан сайд, холбогдох аймгийн Засаг дарга нарт даалгаад байна.
- Япон улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ. Хүмүүнлэгийн тусламжид зориулж 100 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана. Япон Улсын Ишикава мужийн Ното бүс нутагт энэ оны нэгдүгээр сарын 01-ний өдөр хүчтэй газар хөдлөлт болсны улмаас олон хүний амь эрсдэж, их хэмжээний хохирол учраад байна. Энэ сарын 10-ны байдлаар тус мужид нийт 206 хүн нас барж, 52 хүн сураггүй алга болжээ. Гэмтэж бэртсэн иргэдийн тоо 567 болж, 1824 айлын орон гэр сүйдэж, 59000 өрх усгүй, 18000 өрх цахилгаангүй, нүүлгэн шилжүүлэх 400 орчим төвд 28000 гаруй хүн байгаа аж.