Гэрэл зургийг: Pexels.com
Америкийн зохиолч, жүжгийн шүүмжлэгч, сэтгүүлийн редактор Жорж Жан Натан “Муу удирдагчдыг саналаа өгөөгүй сайн иргэд өөрсдөө сонгодог” гэж хэлсэн нь сонгуулийн сурталчилгаа эхлэхэд хэдхэн хоног үлдсэн энэ цаг мөчид монголчууд бидэнд тун хэрэгтэй агуулга. Түүний хэлсэн “сайн иргэд” гэх үг анхаарал татна. Яагаад сайн иргэд гэж? Муу удирдагч сонгосон бол иргэд нь ч тэр “муу” байж таарахгүй гэж үү?
Гэвч ямар ч улс, үндэстний иргэд нь өөрсдөө муу учраас муу удирдагчдыг сонгосон гэвэл буруу болно. Аль ч улс, үндэстний дотор улс орноо удирдан манлайлах чадвартай, мэдлэг боловсролтой хүн олон. Харин тэднийг зөв сонгох нь чухал. Тэгэхээр муу иргэд гэж байхгүй, муу сонголт л гэж бий.
Бид муу сонголт хийснийхээ төлөөсийг дөрвөн жил төлөх хэрэгтэй болдог. Нэгэнт ардчилсан, чөлөөт сонгуулиар аль нэг нам эвсэл, хувь хүмүүст төр удирдах эрх олгосон бол буцаана гэдэг амаргүй. Тэдний гаргасан бодлого, шийдвэр, хууль журмыг даган мөрдөх нь иргэн бидний үүрэг юм. Мэдээж хяналт тавих, үзэл бодлоо илэрхийлэх, шүүмжлэх эрх нь ард иргэдэд нээлттэй ч шийдвэр гаргах түвшинд очиж нөлөөлж чадах нь цөөн.
Тэгвэл би муу сонголт хийсэн гэж үзвэл алдаагаа яаж засах вэ? Мэдээж дараагийн сонгуулиар дүнг нь тавих эрх надад бий. Би өмнө нь нэг удаа буруу сонголт хийсэн байж болно. Магадгүй үүнд хэн нэгний гоё сайхан үг, мөрөөдлийн жагсаалт, мөнгө ч нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Харин одоо зөв сонголт хийх боломж надад байна. Ардчиллын гол үнэт зүйл нь ердөө л энэ. Төрийн эрх мэдэл гагцхүү ард түмний мэдэлд байна гэдэг үгийн утга учир нь үүнд л байдаг. Ийм болохоор одоо л сонголтоо зөв хийж, ирэх дөрвөн жилийнхээ өнгийг тодорхойлж авах нь иргэн бидний “заавал” биелүүлэх үүрэг юм.
Заавал хэн нэгнийг сонгох ёстой гэж үү? Сонгохгүй байх эрхтэй биз дээ? гэж та асууж магад. Мэдээж тэгэлгүй яахав ээ, сонгохгүй байж болно. Харин та сонголтоо хийгээгүй бол эргээд эрх баригчдыг шүүмжлэх, тэднээс их юм хүлээх нь утгагүй. Яагаад гэвэл таны “сонгууль өгөхгүй” гэсэн сонголтын үр дагавараар бий болсон төр учраас өөрийн сонголтоо өөрөө шүүмжилсэнтэй адил юм. Өөрийн тань хариуцлагагүй, үл тоосон үйлдлийн үр дүнд баталгаажсан төр засаг гэж хэлж болно.
Сонгуулиа өгөөгүй иргэдийн “сонголт”-оос гадна, дээр хэлсэнчлэн муу сонголтын үр дүнд муу удирдагчид төрөн гардаг. Гэхдээ муу сонголтыг засаж болно. Харин та саналаа өгөхгүй бол юуг ч засаж чадахгүй. Ердөө л өөрийн ирээдүйг бусдын гарт даатгаж буйтай ижил юм.