Гэрэл зургийн эх сурвалж: isee.mn
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Д.Загджавыг Монгол Улсын ерөнхий аудитороор томилох саналыг хэлэлцэж нууцаар санал хураахад оролцсон гишүүдийн 61 хувь буюу олонх нь дэмжжээ.
Монгол Улсын ерөнхий аудитороор ажиллаж байсан Д.Занданбат өнгөрөгч оны сүүлчээр өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Уг нь түүнийг 2019 оны тавдугаар сард зургаан жилийн хугацаатайгаар улсын ерөнхий аудиторын албан тушаалд томилж байсан юм.
Тэгэхээр өнөөдөр томилогдож буй ерөнхий аудитор Д.Загджав нэг жил гаруйн хугацаанд эл үүргийг гүйцэтгэнэ гэсэн үг. Учир нь Төрийн албаны тухай хуулиар төрийн албан тушаалд нөхөн томилогдсон этгээдийн бүрэн эрхийн хугацаа нь өмнөх албан тушаалтны бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байхаар зохицуулсан байдаг.