Зургийн эх сурвалж- Ravixxdesigns
Энэ өдөр хүүхдүүд “дархан” эрхтэй. Өнгийн бөмбөлөг, хүүхдийн инээд, дуу хөгжим, ундаа чихэр бас уйлаан ч бий. Тэр дунд өдөржин хүүхдээ дагуулж гадуур явж, паркаар зугаалсан зарим нь эцэг эхийн өчнөөн тоглуулж, бэлэг авч өгснөө гайхангаа хүүхдүүддээ уцаарлах авир ч бий. Баярын бэлэг битгий хэл нэг иштэй чихэр олж хүлхэж чадахгүй хүүхдүүдийн гуниг ч байгаа.
Хүүхдийг хайрлах мянган арга бий. Хайрлахад ямар нэг шалтгаан хэрэггүй.
Гэтэл эцэг эхчүүд хүүхдэдээ болзол тавьж хайрладаг. Үүнийг нь гэр бүл судлаачид төгс үзлийн хайр гэж тодорхойлдог юм байна. Нэг үгээр бол “чамайг үүнийг хийвэл ингэж шагнана, ингэхгүй бол тэгэхгүй” гэх мэтээр хүүхдээ бүх зүйлд болзолтой болгож сургадаг. Мөн хүүхэд үргэлж ярилцах хэрэгцээгээр дутагдаж байдаг бөгөөд технологи хөгжсөн эрин зууны багачуудтай эцэг эхийн харилцаа огт хангалтгүй гэжээ.
“MIT”-н танин мэдэхүйн судлаачдын дөрвөөс зургаан насны хүүхдүүдийн дунд явуулсан судалгаагаар санаа бодлоо солилцох харилцан яриа хүүхдүүдийн тархинд нөлөөлдөг гэдгийг тогтоожээ.
Тодруулбал, ярилцах нь хүүхдийн тархины хөгжил, хэл ярианы чадварыг дээшлүүлдэг бөгөөд үүнд эцэг эхийн боловсрол, орлого үл хамаардаг ажээ. Чинээлэг гэр бүлийн хүүхдүүд ядуу гэр бүлийн хүүхдүүдтэй харьцуулахад үгийн баялаг ихтэй байдаг. Гэхдээ хүүхдүүдтэйгээ илүү харилцаатай байдаг гэр бүлийн хүүхдийн үгийн баялаг, тархины үйл ажиллагаа чинээлэг гэр бүлийнхтэй ижил байна гэжээ.
“Эцэг эхчүүдийн нэг алдаа бол хүүхэдтэйгээ ярилцах биш тэдэнд зөвхөн захиас хэлж байдаг. Үүнийгээ ярилцаж байна гэж эндүүрдэг. Өөрөөр хэлбэл эцэг эхчүүд өөрсдийнхөө хэлэх зүйлийг л хэлээд эргээд хүүхдээ сонсдоггүй. Энэ хүүхдэд тэднийг үл тоож буй мэт мэдрэмжийг мэдрүүлдэг. Мөн дээр дурдсанчлан захиас гэж байгаа ч зарим талаараа хүүхдэд дарамт болох нь бий” гэж Сэтгэл судлаач Б.Баярсайхан тайлбарлалаа.
Манай нийгэмд хүүхдийн эрх хамгийн ноцтойгоор зөрчигддөг гэдгийг өдөр тутмын үйл явдлууд батална. Хүүхэд бага насандаа хүчирхийлэлд өртөнө гэдэг насанд хүрсэн хойноо сэтгэцийн эрүүл мэнд, элдэв хорт зуршилд өртөмтгий болох зэрэг маш их хор хөнөөлтэй учраас хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох нь нэн чухал асуудал юм. Хүний, миний эсвэл чинээлэг, ядуу айлын гэхгүйгээр бүх хүүхдийг хайрлаасай.
Жилийн ганц өдөр ууттай бэлэг нэртэй амттан, шимттэнээр “дарах” нь тэднийг үл хүндэтгэж буй бүр огтоос хайрлахгүй байгаагийн нэгэн хэлбэр. Эцэг эхчүүд хүүхдийнхээ жижиг болов ч хийж чадсан зүйлийг магтан урамшуулж, амжилт гаргаж, сайн байж бас алдаж, бүтэлгүйтэх боломж олгож, өдөр бүр багахан хугацаа гаргаад ярилцах, баярлах, гунихад нь хамт байх нь хичнээн ууттай бэлэгнээс илүү амттай бэлэг болно гэдгийг ойлгоосой.