Шинэхэн, залуухан ээжүүдэд зориулан энэхүү зурвасыг бичив.
Хүүхэд тээж, төрүүлэх, өсгөн хүмүүжүүлэх цаг хугацаа ээжүүдэд амьдралын нэгэн чухал хичээл болдог ажээ. Энэ үед амьдралын утга учир, үнэ цэнийг мэдэрч, бусдыг таньж, хайр халамж, цөхрөл, ганцаардал гээд бүхий л мэдрэмжийг авна. Хамгийн гол нь өөрийнхөө талаар илүү сайн мэддэг болно.
Амьдралын энэ үеийг нэгэн том тойрог гэж үзвэл ээж бүхэн их бага хэмжээгээр хэн нэгнээс хоцорсон мэт, нийгмээс тусгаарлагдсан юм шиг, юу ч хийж чадахгүй нэгэн болсон мэт мэдрэмжийг аль нэг хэсэгт нь мэдэрдэг байх. Яалт ч үгүй би л ганцаараа зогсоод, бусад нь урагшлаад буй мэдрэмж, төсөөлөл. Шинэхэн, залуухан ээж та ийм нөхцөл байдалд байгаа бол, эдгээр мэдрэмжид хүлэгдэж байгаа бол энэ үгийг зориулъя. “Цаг цагаараа байдаггүй юм”.
Хүүхэд тань шөнөжин сэрвэлзэж уйлагнах, живхийг нь солих шөнүүд хязгаартай. Тэнтэр тунтар алхан юм юм мөргөчих гэж сандаргадаг өдрүүд ч удахгүй дуусна. Усанд орохдоо хүртэл өөрөө бүгдийг хийдэг болно. Нөгөөх мэдрэмж эсвэл бодит байдал гэдгийг ялгаж салгаж чадахгүй байсан өдрүүд харвасан сум мэт өнгөрч тэдний ихэнх зүйл дээр ээжийн оролцоо хэрэггүй болж ирдэг.
Ийн бичиж буй би ойрхон гурав төрсөн, дэрсхэн жаахан охидтой. Саяхан л юм бүхнээс хоцорсон мэдрэмждээ автаж, нийгмийн харилцаанаас зугтаж байсан минь үнэн. Хүүхдүүдийн нялх нярай үе дуусаж, бага багаар биеэ дааж, олон зүйл дээр миний оролцоо хэрэггүй болжээ.
Тиймээс хэдийгээр гучин нас гарчихсан, гурван хүүхдийн ээж болсон ч олон жил тээж явсан бодлоо хэрэгжүүлж ахиад оюутан болсон. Шинэ үеийн залуустай зэрэгцэн, нийгмийн урсгал дунд, өдөр бүхэн минь өөр хэмнэлд өрнөх боллоо. Үеийнхнээсээ хоцорсон мэт мэдрэмж маань өөрийнхөө цаг хугацаанд амьдарч байна гэсэн бодлоор солигдсон.
Энэ хүртэл уншсан бол та ямар ч шийдвэр гаргасан түүндээ үнэнч үлдэж, сэтгэл дүүрэн байгаарай. Гэр бүл зохиоход, хүүхэд төрүүлж өсгөхөд, сурахад, ажил хөдөлмөр эрхлэхэд заасан цаг хугацаа гэж үгүй. Тэр бол хүн бүрд харилцан адилгүй. Гагцхүү өөрийнхөө цаг хугацаанд амьдрах нь л чухал.
Залуухан ээжүүд минь нийгмээс, хэн нэгнээс ирэх “гэртээ суудаг” гэх дарамтыг бүү тоогоорой. Бусдын үгс, зарим мэдрэмж, сэтгэгдэл ирж л байдаг бас арилан одож л байдаг шүү дээ. Цаг цагаараа байхгүй ээ, ээжүүд ээ.