Хэргийн тэмдэглэл: Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарын 11 хүнд ямар хэргээр ял оноов
Хэргийн тэмдэглэл: Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарын 11 хүнд ямар хэргээр ял оноов

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүний гэм бурууг шүүх хурал өчигдөр дуусч, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ танилцуулсан. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэнд ямар хэргээр, ямар ял шийтгэл оноосныг "Хэргийн тэмдэглэл" булангаараа танилцуулж байна. 

Зохион байгуулалттай гэмт бүлэг: Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар нь МАН-ын “Шинэчлэл хөгжлийн хороо” ТББ-ыг удирдаж явсан найзууд. Гэвч тэднийг энэ төрийн бус байгууллагад хамтран ажиллаж байсан найз нөхөд, туслах, зөвлөхүүдтэйгээ хамтран ашиг олох зорилгоор гэмт бүлэг байгуулсан гэж яллах дүгнэлт үйлдээд байсан юм. 

          1. Б.Ганхуяг: “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан

МАН-ын “Шинэчлэл хөгжлийн хороо” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн, дэд даргаар ажиллаж байсан. 2016 оны есдүгээр сард “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн тэргүүн дэд захирал, 2018 оны дөрөвдүгээр сараас гүйцэтгэх захирлаар ажиллаж эхэлсэн байдаг. Түүнийг “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа нийтийн албан тушаалтан хахууль авах /22.4.2/, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах /22.1.2/, үндэслэлгүйгээр хөрөнгөжих /22.10.1/, санхүүгийн баримт хуурамчаар үйлдэх /18.7.1/ гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж буруутгасан. 

Шүүхийн шийдвэр: Б.Ганхуягийг үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд бусдаас хахууль авсан, гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдалж мөнгө угаах болон хахууль авах гэмт хэргийг үйлдэхэд зохион байгуулж гүйцэтгэгчээр хамтран оролцсон, мөн үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны үндэслэлтэй болохыг тайлбарлаж чадаагүй гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэв.

Нийтийн албанд томилогдох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, 5 жил 9 сарын хугацаагаар хорих ял оноов.

         2. Т.Аюурсайхан: УИХ-ын гишүүн асан

МАН-ын “Шинэчлэл хөгжлийн хороо” ТББ-ыг Б.Ганхуягтай хамт үүсгэн байгуулсан. Харин УИХ-ын гишүүн болсныхоо дараа өөрийн найз Б.Ганхуяг болон туслах, зөвлөхөөр ажиллаж байсан хүмүүстэйгээ хамтран зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулж /20.3.3/, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн /22.10.2/ хэрэгт буруутгасан.

Шүүхийн шийдвэр: Т.Аюурсайханыг үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны үндэслэлтэй болохыг тайлбарлаж чадаагүй гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэв.

Нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял оноов.

5 

  1. Б.Отгонжаргал: Т.Аюурсайханы туслах

Б.Отгонжаргал нь МАН-ын “Шинэчлэл хөгжлийн хороо” ТББ-д Т.Аюурсайханы туслахаар ажиллаж байсан. Дараа нь "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хэлтсийн дарга, дотоод аудитын албаны дарга, ерөнхий аудитор болж дэвшсэн. Түүнийг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах /22.1.1/ үндэслэлгүйгээр хөрөнгөжих /22.10.1/ хэрэгт буруутгасан. Отгонжаргал нь 500 сая төгрөгөөр “Mercedez Benz G-500” автомашин худалдаж авахаас гадна мөрдөн шалгах ажиллагааны үеэр аавынх нь гэрээс их хэмжээний мөнгө олдсон байдаг. 

Шүүхийн шийдвэр: Б.Отгонжаргалыг үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны үндэслэлтэй болохыг тайлбарлаж чадаагүй гэмт хэргийг үйлдсэн, мөн нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэв.

Нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оноов.
  1. И.Даваадорж: Т.Аюурсайханы туслах, менежер

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханы туслах, зөвлөхөөр ажиллаж байсан. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байв. Түүнийг нийтийн албан тушаалтан хахууль авах /22.4/ хэрэгт буруутгаж байна. 

Шүүхийн шийдвэр: И.Даваадоржийг үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, болон хэрэгжүүлэхийн тулд бусдаас хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутгасан.

Нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оноов.

4 

  1. Г.Гантөмөр: “Лаки лайф” ХХК-ийн захирал

Г.Гантөмөр нь И.Даваадоржийн хамаарал бүхий хүмүүстэй хамтран “Лаки лайф” ХХК-иараа  Ар гүнтийн аманд тансаг зэрэглэлийн хаус барьж, худалдсан. Иймээс түүнийг энэ хэрэгт яллагдагчаар татан шүүсэн.

Шүүхийн шийдвэр: Г.Гантөмөрийг үргэлжилсэн үйлдлээр өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэв.

Нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 10.950.000 төгрөгөөр торгох ял оноов.
  1. Б.Эрдэнэбаяр: “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хөрөнгө оруулалтын хэлтсийн  дарга асан

Энэ хэрэгт “Эрдэнэс тавантолгой” ХК-аас яллагдагчаар татагдсан гурван хүний нэг.

Шүүхийн шийдвэр: Б.Эрдэнэбаярыг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд бусдаас хахууль авсан, гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдалж мөнгө угаах болон хахууль авах гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамжигчаар хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэв.

 Нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 10.950.000 төгрөгөөр торгох ял оноов.

3 

  1. Х.Батхишиг: “Хишиг арвин индустриал” ХХК-ийн гүйцэтгэх захирал

Б.Ганхуяг нь  “Эрдэнэс тавантолгой” ХК-ний гүйцэтгэх захирал болсныхоо дараа “Хишиг арвин индустриал” ХХК-тай хоёр удаа нийт 1.5 их наяд төгрөгийн гэрээ байгуулж, давуу байдал олгосон гэж үзэж байна. Иймээс энэ хэрэгт тус компанийн гүйцэтгэх захирал Х.Батхишигийг яллагдагчаар татсан. 

Шүүхийн шийдвэр: Х.Батхишигийг өөртөө эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэв.

Нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 14.000.000 төгрөгөөр торгох ял оноов.
  1. О.Дагвадорж: “Ган-Инж деволмент” ХХК-ийн гүйцэтгэх захирал

О.Дагвадорж нь хамтран хувьцаа эзэмшдэг, хамаарал бүхий этгээд болох Б.Ганхуягтай хамтран спорт цогцолбор, орон сууцны барилга барьсан. Ингэхдээ нийтийн албан тушаалтан хахуул авах /22.4/, мөнгө угаах /18.6/ гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн. 

Шүүхийн шийдвэр: О.Дагвадоржийг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд бусдаас хахууль авсан, гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдалж мөнгө угаах болон хахууль авах гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамжигчаар хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэв.

Нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 10.950.000 төгрөгөөр торгох ял оноов.

neg 

  1. Т.Түвшинбаатар: Т.Аюурсайханы дүү

Т.Аюурсайханыг Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд адууны жүчээ барьж, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзсэн. Харин үүнтэй холбоотойгоор түүний дүү Т.Түвшинбаатарыг худал мэдээлэл өгсөн хэрэгт буруутгасан. 

Шүүхийн шийдвэр: Т.Түвшинбаатарыг гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэв.

Гэмт хэргээс улмаас олсон хөрөнгийг шүүгдэгч нараас гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв.
  1. П.Бадамханд: Ганхуягийн эхнэр

Б.Ганхуягийг хэд хэдэн үл хөдлөх хөрөнгө, орон сууц худалдан авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж буруутгаж байгаа юм. Харин түүний эхнэр П.Бадамханд нь “Пеарл пропертиз” гэх үл хөдлөх хөрөнгө зуучлалын компанитай. Түүнийг эрүүгийн хуулийн 21.5 дугаар зүйлд заасан “гэрч, хохирогч, шинжээч, орчуулагч, хэлмэрчид хууль бусаар нөлөөлөх” гэх хэргээр шүүсэн. 

Шүүхийн шийдвэр: П.Бадамхандыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэрчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэв.

1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.
  1. О.Данзанлувсантүдэв: Говийн IX Ноён хутагт

Түүнийг мөрдөн байцаалтын үеэр "Худал мэдүүлэг өгсөн" хэргээр шүүж байгаа аж. Ноён хутагтыг Б.Ганхуягийн эхнэр П.Бадамхандын гуйлгаар түүнд мөнгө зээлдүүлсэн гэж худал мэдүүлэг өгсөн гэж байгаа ч одоогоор энэ тухай албан ёсны мэдээлэл алга байна. Өчигдөр эхэлсэн нээлттэй шүүх хурлын үеэр түүний өмгөөлөгч “хувийн байдалтай холбоотой зүйл яригдах учраас шүүх хуралдааныг хаалттай явуулж өгнө үү” гэж хүсэлт гаргасан. Хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч шүүх хурал хаалтай хэлбэрээр үргэлжилж байна. 

Шүүхийн шийдвэр: О.Данзанлувсантүдэвийг гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэв.

Гэмт хэргээс улмаас олсон хөрөнгийг шүүгдэгч нараас гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв.

Прокуророос шүүгдэгч Т.Аюурсайхан, И.Даваадорж нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Отгонжаргал, Б.Ганхуяг нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Ганхуягт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгов.