Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ
Сонгуульд нэр дэвшихээр бүртгүүлсэн улс төрийн намууд 5 дугаар сарын 14-ны өдрөөс эхлэн 5 дугаар сарын 20-ны өдрийг дуусталх хугацаанд нэр дэвшигчдээ тодруулж дуусгасан байх ёстой. Нам дотроо нэр дэвшүүлэх үйл явц дууссанаас хойш 5 хоногийн дотор буюу 5-р сарын 25-ны дотор нэр дэвшүүлсэн тогтоол болон хуульд заасан холбогдох баримт бичгийг нэр дэвшигч тус бүрээр бүрдүүлэн Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэж өгөх хуультай.
Иймээс Сонгуулийн ерөнхий хорооноос томилсон ажлын хэсэг 2024 оны тавдугаар сарын 24, 25-ны өдрүүдэд нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авлаа. Ажлын хэсэгт 19 нам, 2 эвслээс Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрогт нэр дэвшүүлэх 985, жагсаалтаар нэр дэвшүүлэх 385, нийт 1370 нэр дэвшигчийн баримт бичгийг ирүүлээд байгаа юм. Харин одоо Сонгуулийн ерөнхий хороо 6 дугаар сарын 1-ний өдрийн дотор ирүүлсэн баримт бичгийг нягтлан шалгаад бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж, тогтоол гаргана.
Гэтэл Сонгуулийн ерөнхий хороонд хоёр иргэнээс Ардчилсан намтай холбоотой мэдээлэл, хүсэлт ирүүлсэн байна. Энэ хоёр хүн нь Ардчилсан намын тэргүүн дэд дарга С.Баярцогт, тус намыг төлөөлж СЕХ-той шууд харилцах эрхтэй хуульч Оросоо нар аж. Энэ тухай Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ дараах тайлбар, мэдээллийг өгсөн юм.
Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ:
Ардчилсан намаас тогтоол болон 126 нэр дэвшигчийн мэдээллээ ирүүлсэн. Үүнээс хойш хоёр иргэнээс Сонгуулийн ерөнхий хороонд мэдээлэл ирүүллээ. Үүний нэг нь 5-р сарын 20-ны өдөр нэр дэвшүүлэх үйл ажиллагаа явуулсан тухай 09 дүгээр тогтоол гэх баримтыг ирүүлээд байна. Мөн Ардчилсан намын Сонгуулийн ерөнхий хороотой шууд харилцах хүний зүгээс энэ тогтоол дээр техникийн алдаа гарсан байна аа гэдэг агуулгаар 74 хүний нэр бүхий хавсралт баримтыг ирүүлсэн. Сонгуулийн ерөнхий хорооноос тухай намын дотоод асуудалд нь хөндлөнгөөс оролцох, яг ямар нэр дэвшүүлэх үйл ажиллагаа болсон, болоогүй гэдгийг шалган тогтоох боломжгүй. Өөрөөр хэлбэл, эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал учраас хууль, шүүхийн байгууллагаар тогтоолгох хүртэл асуудал үүсч магадгүй. Иймээс Ардчилсан намаас тодорхой тайлбар, тодруулга авахаар хандаад байна. Сонгууль зохион байгуулах үйл ажиллагаа нь хуульд заасан тодорхой хугацааны дагуу явдаг онцлогтой. Тэр ч агуулгаараа намууд СЕХ-нд нэр дэвшигчдийнхээ баримт материалыг цэгцэлж нэг мөр өгөх шаардлагатай байдаг. Ийм болохоор Ардчилсан намд тодорхой асуудал тавьж, сонгуульд хуулийн дагуу хариуцлагатай, хүндэтгэлтэй хандаж оролц гэдэг албан бичиг хүргүүлж байна.
Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвшигчдэд татварын өргүй байх, шүүхийн шийдвэрээр гарсан болон батлан даалтын өр төлбөргүй байх, авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдоогүй байх зэрэг олон шалгуур шаардлагын дагуу хянаж үзээд нэр дэвших эрх олгодог. Харин нэр дэвшигчдийн баримт бичиг зөрчилтэй гэж үзвэл зөвхөн тэр хүн зөрчлөө дахин арилгаж нэрээ дэвшүүлэх боломжтой. Өөр хүнээр солих боломжгүй байдаг аж. Ингээд нэр дэвшигчид баримт бичгээ бүрдүүлж дууссаны дараа Сонгуулийн ерөнхий хорооноос 6-р сарын 10-ны өдөр нэр дэвшигчдийг эцсийн байдлаар зарлах юм байна.