Баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хорооноос томилсон ажлын хэсэг хүлээн авч байна.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн 23 нам, 2 эвслээс нэр дэвшигчид болон бие даан нэр дэвшигчдийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хорооноос томилсон ажлын хэсэг хүлээн авч байна.
Нам, эвслээс нэр дэвшүүлсэн тогтоол болон хуульд заасан баримт бичгийг нэр дэвшигч тус бүрээр бүрдүүлэн Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэж өгөх учир 2024 оны тавдугаар сарын 24, 25-ны өдөр тодорхой хуваарьт цагуудад баримт бичиг хүлээн авах ажлыг зохион байгуулж байгаа юм.
35 бие даан нэр дэвшүүлэгч баримт бичгээ ирүүлэв.
Ажлын хэсэгт 2024 оны тавдугаар сарын 24-ний өдөр Эх орончдын нэгдсэн нам, Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам, Үнэн ба Зөв нам, Монголын Социал Демократ Нам, Эх Орон намаас Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрогт нэр дэвшүүлэх 131, жагсаалтаар нэр дэвшүүлэх 26 нэр дэвшигчийн баримт бичгийг ирүүллээ. Түүнчлэн 35 бие даан нэр дэвшүүлэгч баримт бичгээ ирүүлэв.
Нэр дэвшүүлэх ажиллагаа бол хүссэн үедээ зохион байгуулдаг үйл ажиллагаа огт биш юм. Энэ бол иргэний сонгогдох эрхийн урьдач баталгаа болж буй Үндсэн хуулийн ойлголт юм. Хуульд хэзээ эхэлж, хэзээ дууссан байх ёстой талаар маш тодорхой нарийн зохицуулж өгсөн байдаг хугацааг өөрчлөх ямар ч боломжгүй тул хугацаандаа амжиж баримт бичгээ ирүүлэхийг анхааруулж байна.