Зандан хүрнээ унаад аа
Зандан зуудаа мөргөе дөө
Замбуу тивийн наран дор
Амар жаргах болтугай...
/Ордос ардын дуу Зандан хүрэн. Ордос дуучин Цахар Тугчийн Урнаагийн дуулснаар/
Гадагш цацах биш дотогш залгимаар, эргүүлж, тойруулж бодоод чимээгүй суумаар мэдрэмж байдаг. Яг тийм мэдрэмж амсав. Өвөрмонголын уран бүтээлчдийн “Хүй” уран сайхны киноноос л доо. Аль хэдийн олон улсын үзэгчдэд хүрч, үнэлэлт дүгнэлт авсан артхаус /arthouse/ төрлийн энэ кино эхээс мэндэлсэн, ээжээсээ алсад амьдарч, ээж, нутгаа санаад уйлж үзсэн хүмүүст тэдний дундаас монгол хүний зүрхэнд илүү гүн мэдрэгдэнэ.
Алсад амьдарч байгаа Алс нэрт хүүд “Мама” гэсэн дугаараас дуудлага ирнэ. Гэвч тэр ээж хүүгийнхээ нэрийг үл санана. Цагаан лили цэцгийн баглаа бариад зориод ирсэн ч үл танив. Ингээд альцгеймер буюу тэнэгрэх/зөнөгрөх өвчин туссан ээж, электро хөгжим бүтээгч морин хуурч хүү хоёрын “Гэртээ харих...” аялал эхэлнэ. Цөхрөл, өрөвдөл, учрал, нулимс ... сэтгэлийн түмэн долгис дунд урсаж ирэх амьдралын үнэнийг хүн ба байгалийн оршихуйтай хоршуулан үзүүлнэ.
Хөлөнбуйрт төрсөн залуу найруулагч, эмэгтэй Цяо Сикюэ /乔思雪/-ийн анхны уран бүтээл энэхүү кинонд одоо, өнгөрсөн, ирээдүй бий. Цөөн дүр, эгэл, тоотой үйл явдлаар өдгөөгийн өвөрмонголчуудын амьдралыг харуулж, энэ цаг үед эх үндсээ тээж бас хайж, тэмцэж хашхирсан хоолой. Жүжигчид монгол хэлээрээ ярьж, голдуу буриад аялгаар хэлэлцэх нь нэн дотно. Гашуун хувь тавилангийн эрхэнд гансарсан олон монгол хүний зүрхийг зүсэж тэгээд эргүүлж эдгээсэн болов уу гэж бодогдож байлаа. Киноны гол дүрийн хөгжимчин залуугийн дүрд мэргэжлийн хүнийг сонгосон нь илүү зохисон бөгөөд зорилгодоо хүрсэн мэт. Мөн нутагтаа үлдсэн Бат ахын охин бол шигтгээ болсон дүр байсныг дурдахгүй өнгөрч боломгүй. Дүрс болон дууны чанар, өнгө шүүлт болоод кино зураг авсан байгалийн үзэсгэлэн, орчны үзэмжтэй юу ярих вэ!
Франц улсад суралцсан уран бүтээлч кинондоо далд өгүүлэмжийг гайхалтай илэрхийлсэн нь сцен бүрд тодорно. Онцолж цөөнийг энд дурдъя. Хаашаа хамаагүй хүүхэд шиг дэгдчих гээд байх ээжийгээ холдуулахгүйн тулд өөртэйгөө хошлонгоор холбов. Яагаад зүгээр л нэг олс биш адууны хялгасаар томж, дөрвөөр зэрэгцүүлэн оёсон хошлон гэж?
Ээж танихгүй боловч том хүүдээ цай аягалж өгөв. Бараг бүтэн уут давс хийж “сүлсэн” цайг нь дуустал залгилчхаад, хуучирч элэгдсэн морин хуурыг засуулна гээд аваад гарав. Яагаад зүгээр л цайг уухгүй орхиж, хуурыг үлдээж болоогүй гэж?
Ээж, хүү хоёрын орхиод явсан байшинд хургаа хөхүүлсэн хөгшин хонь үлдэв. Яагаад зүгээр л хоосон үлдэж болохгүй гэж эсвэл хурга майлалдаад үлдэж болоогүй гэж?
Төрсөн хүүхдүүдээ ч танихгүй ой дуртгал нь алга болсон ээж хонинд хурга авхуулах үед Тойглох дууг санав. Яагаад зүгээр л хүүгийнхээ царайг саначхаж болоогүй гэж? ... Хариултууд нь “Хүй” кинонд бий. Та бүхэн очиж тайлаарай.
“Хүй” бөөн философи шингэсэн нэр. Хүйгээр холбоотой эх, үр, элгэнүүд, байгаль, эх нутаг, хойд зүг. Хошлонг тасалсан гэвч хүй тасраагүй... . Учир нь бид эргэж уулзах учраас хагацахаас бүү ай.
Гэрэл зургийн эх сурвалж: https://2022.tiff-jp.net/