Эх сурвалж: ХЗДХЯ
Энэ хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нөхцөл байдлын судалгааны дүнг танилцуулах, бодлогын төслийг хэлэлцэж сайжруулах, холбогдох ажилтнуудын чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор “Хууль зүй, дотоод хэргийн салбарт хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нөхцөл байдал, бодлого”-ын төслийн хэлэлцүүлгийг өчигдөр /2025.10.20/ зохион байгуулав.
Хэлэлцүүлгийн эхний үе шат “Судалгааны дүн, бодлогын төслийн хэлэлцүүлэг” агуулгын хүрээнд өрнөсөн бол хоёр дахь хэсэг “Чадавхыг бэхжүүлэх сургалт”-аар үргэлжилж, оролцогчдын санал, хүсэлтийг сонслоо. Энэхүү стратегийн төслийг боловсруулж, батлуулснаар хөгжлийн бэрхшээлтэй албан хаагч, үйлчлүүлэгч, үйлчилгээ авагч зэрэг бүх түвшинд шударга, хүртээмжтэй, тэгш боломж бүхий орчинд оролцох нөхцөлийг бүрдүүлэх бодлого, үйл ажиллагааг чиглүүлэх үндэс суурь болох юм.
Хэлэлцүүлэгт яамны харьяа агентлаг, байгууллагын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах асуудал хариуцсан нэгжийн дарга, албан хаагчид мөн яамны дэргэдэх “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөл”-ийн бүрэлдэхүүн, төрийн бус байгууллагуудын төлөөлөл болон Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын удирдах албан тушаалтнууд оролцсон байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т Төрийн захиргааны төв байгууллагууд өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлж байгаа бодлого, арга хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн харилцаанд тэгш оролцох боломжийг бүрдүүлэх асуудлыг тусгаж, хэрэгжүүлнэ гэж заасан байдаг.