4 Цагийн өмнө.
Монгол Улс НҮБ-аар 80 гаруй тогтоол санаачилж батлуулсан
Монгол Улс НҮБ-аар 80 гаруй тогтоол санаачилж батлуулсан

НҮБ-ийн 80 жилийн ойн хүрээнд Хамтдаа хүчтэй: Энх тайван, хөгжил, хүний эрхийн төлөөх 80 жил ба ирээдүй сэдэвт хэлэлцүүлэг боллоо.

Нэгдсэн Үндэстний байгууллага байгуулагдсаны 80 жилийн ойн хүрээнд “Хамтдаа хүчтэй: Энх тайван, хөгжил, хүний эрхийн төлөөх 80 жил ба ирээдүй” сэдвээр төрийн байгууллага, хөгжлийн түнш, НҮБ-ын төрөлжсөн байгууллага, залуучуудын, эрдэм шинжилгээний, иргэний нийгмийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөл оролцсон хэлэлцүүлэг боллоо.

Гадаад харилцааны яам, НҮБ-ийн Суурийн зохицуулагчийн газар хамтран зохион байгуулсан тус хэлэлцүүлгээр өнгөрсөн 80 жилийн хугацаанд дэлхий нийтийн энх тайван, хөгжил, хүний эрхийг бэхжүүлэх үйлсэд НҮБ-ын ололт амжилтыг үнэлэхийн зэрэгцээ Монгол Улсын тууштай оролцоо, хувь нэмрийг онцлон тэмдэглэсэн юм. Монгол Улс 1961 онд НҮБ-д гишүүнээр нэгдсэн цагаасаа олон улсын хамтын нийгэмлэгийн үйл хэрэгт идэвхтэй оролцож, дэлхийн нийтийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн төлөөх үйл хэрэгт хувь нэмрийг оруулж ирсэн түүхтэй гэдгийг хэлэлцүүлгийг нээж үг хэлсэн Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг онцоллоо.

Л-Мөнхтүшиг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг, Олон талт хамтын ажиллагааны газрын захирал Б.Мандхай, зөвлөх В.Оюу нар. 

Л.Мөнхтүшиг: Өнөөдөр Монголчуудын хувьд түүхэн тэмдэглэлт өдөр. Монгол Улсын тусгаар тогтнолын төлөөх бүх ард түмний санал асуулгыг 1945 оны 10-р сарын 20-ний өдөр явуулж, бүх нийтээрээ бүрэн эрхт, тусгаар улсаа тунхагласан. Ийм түүхэн өдөр 80 жилийн тэртээгээс дэлхийн нийтийн хамтын ажиллагаа, олон улсын энх тайван, хүний эрх, тогтвортой хөгжил, улс хоорондын эв нэгдлийг бататгах чухал тулгуур болсон НҮБ-ийн 80 жилийн ойн хэлэлцүүлэг давхцаж байна. Монгол Улс НҮБ-ийн энхийг сахиулах үйл ажиллагаанд цэрэг, цагдаагийн албан хаагчдаа илгээж, дэлхийн халуун цэгүүдэд энх тайван, аюулгүй байдлыг хангахад хувь нэмрээ оруулсаар байна. Бид цөмийн зэвсгийг хураах, үл дэлгэрүүлэхэд бодитой хувь нэмрээ оруулж, цөмийн зэвсэггүй статусаа олон улсаар хүлээн зөвшөөрүүлсэн улс. Мөн уур амьсгалын өөрчлөлттэй дасан зохицох, байгаль орчноо хамгаалахад чиглэсэн НҮБ-ийн санал, санаачилгуудыг тууштай дэмжиж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн зэрэг төслүүдийг хэрэгжүүлж байна. Ирэх жил Монгол Улс НҮБ-ийн цөлжилттэй тэмцэх 17-р их хурлыг зохион байгуулна. Үүний бэлтгэл ажлыг НҮБ-ийн дэмжлэг, оролцоотойгоор хангаж байна.

Өнөөдрийн хэлэлцүүлгээр 80 жилийн түүхтэй НҮБ-ийн ололт амжилтыг ярилцахын зэрэгцээ, Монгол Улсын НҮБ-д оруулсан хувь нэмэр, цаашдын боломж, чиг хандлага, стратегийн талаар санал бодлоо хуваалцсан. Хэлэлцүүлгийн эхэнд ГХЯ-ны Олон талт хамтын ажиллагааны газрын зөвлөх В.Оюу “НҮБ-ын зорилго, зарчмыг урагшлуулах чиглэлээрх Монгол Улсын гаргасан санал санаачилга, оруулсан хувь нэмэр” сэдвээр илтгэл тавилаа.  

Монгол Улс НҮБ-д элссэн цагаасаа хойш нийт 80 гаруй тогтоол санаачилж, НҮБ-ийн Ерөнхий ассамблейн чуулганаар батлуулсан байна. Олон улсын аюулгүй байдал, энх тайвны төлөө цөмийн зэвсэггүй статустай болох тогтоол,  бичиг үсэг боловсрол, ардчиллын боловсрол, хөдөөгийн охид эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах, эмэгтэйчүүдийг алагчлах үзлийг устгах, хоршооллын хөгжүүлэх, бэлчээр, нүүдлийн мал аж ахуйг хөгжүүлэх зэрэг олон тогтоолыг санаачилж, Монгол Улсад төдийгүй олон улсын хэмжээнд хэрэгжих боломжийг бүрдүүлж, бодит үр дүнд хүрсэн байна. Жишээ нь цөмийн зэвсэггүй статусын тухайд л гэхэд олон улсын нөхцөл байдал хурцадсан өнөө үед үнэ цэн нь улам бүр өндөр болж байна. Үүнээс гадна эрүүл мэнд, эрчим хүч, далай гарцгүй хөгжиж байгаа орнуудын тухай тогтоол, хүний эрхийн чиглэлээр иргэний нийгмийн орон зайг хамгаалах, хүний эрхийг хамгаалах, жендэрийн ялгаварлан гадуурхалтаас ангид байх зэрэг олон тогтоол батлуулж, төсөл хөтөлбөр хэлбэрээр хэрэгжих боломжийг бүрдүүлжээ.

Монгол Улс НҮБ-ийн хамтын ажиллагааны хамгийн чухал салбар бол энхийг сахиулах ажиллагаа. НҮБ-ийн энхийн сахиулах ажиллагаанд Монгол Улсын зэвсэгт хүчин 23 жил, 23 мянга гаруй цэрэг, цагдаагийн албан хаагчаа оролцуулаад байна. Тэр тусмаа эмэгтэй албан хаагчдын оролцоо 13 хувь байсныг 15 хувьд хүргэх зорилт дэвшүүлэхийн зэрэгцээ энхий сахиулах сургагч багш бэлтгэх, явуулын сургалтын баг ажиллуулах, шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа алба хаагчдын тоог нэмэгдүүлэх, олон улсын хамтарсан хээрийн сургуулилт зохион байгуулах зэрэг олон талт хэлбэрээр оролцдог болжээ.

dd274ef6-05de-444e-8ea8-2926db342d80 ЗХЖШ-ын Энхийг дэмжих цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Д.Мягмаржав

Монгол Улсын зэвсэгт хүчин 2002 оноос хойш НҮБ-ийн энхийг сахиулах ажиллагаанд цэргийн ажиглагч офицер, цэргийн баг, штабын офицер гэсэн гурван чиглэлээр бие бүрэлдэхүүнээ оролцуулж, үүрэг гүйцэтгэж байна. Анх 2002 онд Бүгд найрамдах ардчилсан Конго улсад анхны хоёр офицероо оролцуулж эхэлснээс хойш 23 жилийн хугацаанд 23 мянга гаруй албан хаагч үүрэг гүйцэтгэсэн. Манай бие бүрэлдэхүүн энхийг сахиулах төв штабд бодлого тодорхойлох түвшинд хэлтсийн дарга, ажиллагааны түвшинд цэргийн хүчний командлагч, төрөл бүрийн энхийг дэмжих ажиллагаанд хэлтсийн дарга ахлах мэргэжилтэн зэргээр бүх түвшинд ажиллаж байна. Зөвхөн цэргийн багаар үүрэг гүйцэтгэхээс гадна төлөвлөлт, хяналт тавих түвшинд хүрээд байна гэсэн үг. Мөн үүрэг гүйцэтгэхээс гадна энхийг сахиулагчдыг сургах хөдөлгөөнд бүлэг ажиллуулж эхэлсэн. Бид энхийг сахиулах ажиллагаанд оролцож байна гэдэг нь улс эх орныхоо аюулгүй байдлыг дипломат аргаар хангах төрийн бодлого, тусгаар улсынхаа бүрэн бүтэн аюулгүй байдлыг хангахад бодит хувь нэмэр оруулж байгаа юм.

Харин НҮБ-ийн Монгол Улсад хэрэгжүүлсэн, үр дүнд хүрсэн төсөл хөтөлбөр маш их. Монгол Улс 1990 онд Ардчиллыг сонгосон шилжилтийн хүнд цаг үеэс эхлээд өнөөг хүртэл НҮБ-ийн санхүүжилт, дэмжлэгээр асар олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн.

НҮБ Хиердэн НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэн

НҮБ-аас Монгол улсын байнга, тогтвортой дэмжиж ирсэн. Энэ хугацаанд Ардчилсан оронд нэн чухал, шаардлагатай институцууд байгуулахад дэмжиж ажилласан байдаг. Жендэр, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах, ялгаварлан гадуурхалтыг бууруулах гол байгууллага Хүний эрхийн үндэсний комисс, авлига, ашиг сонирхлын зөрчлийг таслах зогсоох Авлигатай тэмцэх газрыг анх байгуулахад нь дэмжиж тусалсан. Мөн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж 30 хувьд хүргэнэ гэсэн зорилго тавьсан. Өнөөдөр 25 хувьд хүрээд байгаа нь Ази номхон далайн бүс нутагтаа хамгийн өндөр үзүүлэлт болсон зэрэг бидний хамтран хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн олон жишээг дурьдаж болно. Хамгийн гол нь НҮБ-ийн гол зарчим, үнэт зүйлсийг дэмжиж үнэтэй хувь нэмэр  оруулж буй учраас цаашид байнга дэмжиж, хамтран ажилласаар байх болно.

Ийнхүү өнөөдрийн хэлэлцүүлгээр Монгол Улсын олон талт хамтын ажиллагаанд оруулсан хувь нэмэр, НҮБ-ын гишүүнчлэлээс хүртэж буй бодит өгөөж, НҮБ Монгол Улсын харилцаа, хамтын ажиллагааны түвшнийг хэлэлцэх, цаашдын чиг хандлагыг тодорхойлох, Монгол Улсын үндэсний хөгжлийн тэргүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэхэд НҮБ-ын стратегийн оролцоог бэхжүүлэх талаар санал солилцлоо. Цаашид илүү гүн гүнзгий, үр дүнтэй, иргэний нийгэм, хувийн  хэвшил, залуус зэрэг олон талт оролцоог  хангасан зарчмаар Монгол Улсын хөгжлийн бодлогын дагуу хүний эрх, уур амьсгалын өөрчлөлт, дижитал шилжилт, техник технологи зэрэг олон салбарт хамтран ажиллах сорилт бий. Иймээс НҮБ-ийн өдрийг угтан Монгол Улсын оролцоо цаашдын хамтын ажиллагааны тухай дэлгэрэнгүй хэлэлцэхээр цуврал арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна.