Гэрэл зургийн эх сурвалж: english.jagran
Олон улсын Биологийн олон янз байдлын өдөр тохиож байна. Биологийн олон янз байдлын тухай суурь конвенцыг НҮБ-аас 1992 оны тавдугаар сарын 22-нд батлан, жил бүрийн энэ өдрийг "Олон улсын Биологийн олон янз байдлын өдөр" хэмээн тэмдэглэх болжээ.
Биологийн олон янз байдал гэдэг нь дэлхий дээрх амьдралын олон хэлбэр болох амьтан, ургамал, бичил биетний зүйлүүд төдийгүй тэдгээрийн генийн сан хөмрөг, амьдралын хам бүрдэл, амьдрах орчин, экосистемийн олон янз байдал, түүнд явагдах экологийн нийлмэл үйл явц гэж шинжлэх ухаанд тодорхойлжээ.
Энэ өдрийн гол утга учир нь биологийн төрөл зүйлийг мэдэх, байгаль орчин, амьтан, ургамал, агаар, усыг хайрлан хамгаалах сэдлийг олон нийтэд төрүүлэх, оролцоо, санаачилгыг нэмэгдүүлэх болон ногоон үзэл баримтлалын талаар боловсрол, мэдлэг олгох юм.
НҮБ-аас энэ жил “Төлөвлөгөөний нэг хэсэг бай” уриаг дэвшүүлэн, тэмдэглэж байна. Энэ нь улс орнуудын Засгийн газар, иргэд, төрийн бус байгууллагууд, хууль тогтоогчид, бизнес эрхлэгчид, хувь хүн нэг бүр Биологийн олон янз байдлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх, байгаль орчноо хайрлан хамгаалахад чухал оролцоотой. Хүн бүр өөрийн гэсэн үүрэгтэй тул тэрхүү төлөвлөгөөний нэг хэсэг байж чадна гэдэг агуулгыг илэрхийлж буй ажээ. Сүүлийн 50 жилийн хугацаанд биологийн олон янз байдлын нөөц хурдацтай хомсдож буй тул дэлхийн бүх улс орон энэ чиглэлд анхаарлаа хандуулж, арга зам эрэлхийлэх болсон юм.
Монгол Улс 1992 онд Рио де Жанейро хотноо болсон НҮБ-ын чуулганаас баталсан “Биологийн олон янз байдлын тухай” конвенцид нэгдсэн. Засгийн газраас 1996 онд “Биологийн төрөл зүйлийг хамгаалах үйл ажиллагааны үндэсний хөтөлбөр”-ийг баталсан байдаг.