Гэрэл зургийн эх сурвалж: ParliamentMN
“Ногоон автобус”-ны нээлттэй сонсгол буюу “Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх, шалгалтын тайлан, санал, дүгнэлтийг Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий” Хянан шалгах түр хорооны нээлттэй сонсгол өчигдөр эхэлсэн. Өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Засгийн газраас нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулахын тулд жил бүр 420-оос доошгүй тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгах болсон. 2022 онд Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар төсвөөс өөрийнх нь багцад хуваарилагдсан мөнгөнөөс 330 гаруй тэрбум төгрөгийг нийтийн тээврийн парк шинэчлэлд зарцуулах эрхийг тухайн үеийн нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт шилжүүлжээ. Улмаар Д.Сумъяабазар төсвийг ерөнхийлөн захирах эрхтэй болж, өнөөдөр “ногоон автобус”-ны гэж нэрлэгдэх болсон төслийн тендер зохион байгуулах ажил эхэлсэн байдаг. Ингээд хуулийн дагуу тендер зохион байгуулах ажлыг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт шилжүүлж ажлын хэсэг байгуулжээ.
УИХ-ын Хянан шалгах түр хорооны гишүүд.
Гэвч нийслэлийн Засаг дарга Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах захирамж гаргахдаа тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан тендерийн буюу төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4 дэх заалтыг үндэслэсэн байна. Тодруулбал, хуулиар төрийн нууцад хамааруулсан болон үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой тусгай зориулалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, техник, байгууламж, ажил, үйлчилгээ болон галт зэвсэг худалдан авахтай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулахгүй гэх заалтад хамааруулжээ.
Захирамжийн төслийг анх гаргахдаа энэ заалтыг үндэслэл болгоогүй ч төсөл батлагдах явцад өөрчлөн засвар оруулсныг шинжээчийн дүгнэлтээс тодорхой харж болно.
Ийнхүү төрийн нууц болон үндэсний аюулгүй байдалтай холбоотой заалтыг нийтийн тээврийн тендер зохион байгуулахад үндэслэл болгосон нь нээлттэй сонсголын үеэр маргаан дагуулсан юм. Түр хорооны гишүүдийн зүгээс тендерийг зохион байгуулахдаа нууцад хамааруулсан нь анхнаасаа зохион байгуулалттай, ашиг сонирхлын зөрчилтэй байсан уу? гэх асуултыг сонсголд оролцож буй гэрчүүдээс тодруулж байлаа.
Харин гэрчээр оролцсон Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатар, нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхланбаатар, нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ нарын хувьд ямар нэгэн хууль зөрчөөгүй гэх тайлбар өгсөн. Тэдний зүгээс нийслэлийн нийтийн тээвэр нь хотын иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэд аюул учруулах хэмжээнд хүрсэн тул энэ заалтад хамааруулсан гэж хэлсэн. Ингэхдээ Тагнуулын ерөнхий газарт бичиг явуулж, энэ заалтад хамаарна гэдгийг баталгаажуулсан хэмээн тайлбарласан юм.
Түр хорооны сонсголд оролцсон гэрчүүд.
Гэтэл Тагнуулын ерөнхий газраас түр хорооны гишүүдэд бичиг ирүүлэхдээ “ТЕГ-аас Нийтийн тээврийн парк шинэчлэлтэй холбоотой ажил үйлчилгээг “төрийн нууц”-д хамааруулахтай холбоотой ямар нэгэн шийдвэр гаргаагүй” гэсэн байна. Харин сонсголд оролцож байгаа тагнуулын байгууллагын төлөөллөөс энэ тухай тодруулахад тухайн үед Тагнуулын ерөнхий газраас энэ заалтад хамааруулах боломжтой ч санхүү эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас чиглэл, зөвлөмж авах хэрэгтэй гэсэн хариу хүргүүлсэн байна гэлээ.
Үүний дагуу тендерийг зохион байгуулахын өмнө нийслэлээс Сангийн яамнаас чиглэл, зөвлөмж хүсэж бичиг хүргүүлсэн байдаг. Харин хариуд нь Сангийн яам буюу санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас “Нийслэлийн нийтийн тээврийн автобусны тендер нь түгжрэлийг бууруулах ажилд хамаарах бөгөөд Тендерийн хуулийн 3.4 дэх заалтыг баримтлах боломжгүй” гэж анхааруулсан байна.
Гэвч нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас үүнийг үл харгалзан тендерийг шууд зохион байгуулж, эрх олгосноор дараа дараагийн үйл явц өрнөжээ.
Иймээс нээлттэй сонсголд мэдээлэл хийсэн шинжээч дараах дүгнэлтийг гаргасан аж.
Бид энэ сэдвээр үргэлжлүүлэн мэдээлэх болно.