Ерөнхийлөгчийн үзэх кино
Ерөнхийлөгчийн үзэх кино

Гэрэл зургийг: https://cineuropa.org сайтаас авч ашиглав.

Ийм амьдралыг мэддэг ч мартсан хүмүүсийг энэ киног заавал үзээсэй гэж хүсэж байна.

... Өвөл. Яаж Улаанбаатарын өвлийг давна даа гэж түгшдэг. Өлзий шиг галгүй хононо гэх айдасгүй, хүнсний талон, хүүхдийн мөнгө хүлээх шаардлагагүй /шалтаггүй гэхээр Өлзийд хүүхдийн мөнгө хүлээх нь нэг шалтаг гэж ойлгогдох байх/. Түрээсийн боловч дулаан байшинд аж төрдөг, цалин багатай ч өлсвөл идмээр санагдсанаа авчихдаг. Өнгөцхөндөө бол өнөөдрийн анхдагч хэрэгцээ нь бэлэн хүн. Гэхдээ л өвлөөс зугтаж баавгай болоод ичээнд ормоор санагдах өдрүүд тоймгүй олон. Гэвч яаж ч чадахгүй үлдсээр байдаг. Өөрчилмөөр санагдаж ганцаараа чадахгүйдээ бухимдаж, явмаар бодогдож явчихаар ялагдчих гээд, уйлмаар байвч сул дорой болчих гээд ... 

Яг тэр гомдох сэтгэл. Дотор багласан бачуурал. Маш их хичээгээд, хичнээн хүчирхэг байх гэсэн ч болохгүй байх. Гэхдээ тэрхүү ил мэт боловч далд бэрхшээлтэй тулгарч буй нь шууд утгаараа бидний буруу биш байх. Хамгийн харамсалтай нь, өнөөдөртөө амь зуухын тулд ирээдүйгээ золиослох шаардлага үүсэх. 

Баавгай болох сон киноны гол дүр Өлзийд хоёр сонголт байна.

Гэрээ дулаахан хонуулж, хоёр дүүгээ идэх талхтай байлгах.

Физикийн олимпиадын давтлагаа орхиж мөнгө олох ажил хийх буюу боловсролыг золиослох. Жинлүүрт тэнцүүхэн тавих боломжгүй. Боломж хумигдах тусам хүмүүс амь зуухын тулд өнөөдрийн хэрэгцээндээ тааруулж л сонголт хийнэ. Олон том хүний тийм л замаар хийсэн сонголтын хариуг өдгөө Өлзий шиг хүүхдүүд үүрч явааг энэ кино үзүүлсэн.

Яг л бидний амьдрал кино болоод өргөн дэлгэцээр гарч байгаа, өөрсдийгөө толинд харах мэт л санагдана. Цөхрөл, нулимс нь хүртэл ижилхэн агуулгатай. Бид гэдэг нь өвлийн гурван сарыг яаж давна даа гэж айдаг, гэр дулаахан, хүйтэн байхын зовлонг ойлгодог, талхаа хоёр хуваагаад талыг нь маргааш идэх тухай мэддэг, амьдрахын төлөө тэмцэж, маргаашийн ирээдүйд итгэж яваа хүмүүсийг хэлж байгаа юм шүү.

Ийм амьдралыг мэддэг ч мартсан хүмүүсийг энэ киног заавал үзээсэй гэж хүсэж байна. Хэдхэн жилийн өмнө Улаанбаатарыг агаарын бохирдлоос “аварсан”, одоо ард түмнийхээ ядуугийн зовлонг шийдвэрлэж, улсаа хөгжүүлэхийн тулд “чөмгөө дундартал” зүтгэж яваа Монгол Улсын Ерөнхийлөгчид “Баавгай болох сон” киног заавал үзүүлмээр санагдаж байлаа. 

“Баавгай болох сон” уран сайхны киноны агуулга, зураг авалт, хөгжим салгаж болохгүй, нэгийг нь онцолж боломжгүй эвлүүлсэн оньсон тоглоом мэт төгс зохирсон санагдсан. Ямар ч шийдэлгүй мэт эмх замбараагүй дүнсгэр хар утаан дундаас тийм хурц өнцөг гаргаж, агуулга хийцийг ингэж тохируулан найруулсан кино “Каннын кино наадам”-д шалгарахгүй гээд яах билээ. 

Эндээс кино биш амьдралыг та үзэх болно.