Монгол Улсын зураг дэлхийн бөмбөрцөгт
- Энэ чихэр хаанахынх юм бэ?
- Монгол чихэр шүү дээ. Өө тэгвэл дэмий байх. Өөр аятайхан юм байна уу?
Энэ бол өнөөдөр зах дээр болсон яриа.
- Танай компанид дөнгөж очсон монгол хүн хийчих ажил байгаа болов уу?
- Ямархуу хүүхэд вэ. Манай монголчууд ч тэгээд олигтой биш дээ.
Энэ бол саяхан бичсэн чатын хариуд ирсэн өгүүлбэр.
- Сайн уу, чи эх орондоо хариад үнэхээр жаргалтай байна уу? Би монгол хүн ажилд авмаар байна. Хэн нэгнийг мэдэх бол санал болгооч.
Энэ харин хоёр жилийн өмнөх ажил олгогчоос нь нэгэн монгол хүнд ирсэн цахим захидал.
Сайнтай, муутай сав дүүрдэг орчлон гэдэг боловч монголчууд өөрсдийгөө муучлах, муу гэж бодох, муухай хэмээн үзэх этгээд зуршил бүхэл бүтэн итгэл үнэмшил болж бидний сэтгэлгээнд гүн гүнзгий суусаар байна. Засаж залруулахын үндэслэлтэй шүүмжлэлт сэтгэлгээ бус доромжлох хандлагатай эл нөхцөл байдал, хандлага өдөр тутмын ахуйгаас эхлээд улс орны бодлогын түвшинд хүртэл илэрч, агуулгаараа батжиж байгаа нь харамсалтай юм.
Эцсийн эцэст гологдсон чихэр, шаарлагдсан хүн, сайн ажилтан, биесээ хэмлэж жалгандаа уралцах олон, ... ер тэгээд хэн байлаа ч бид монгол гэдэг ганцхан хаягтай. Хэн нэгэн монгол хар тамхи зарвал, хулгай хийвэл, олиггүй амьтан байвал тэр “та”. Хэн нэгэн монгол сайн явбал, амжилт гаргавал, хүнлэг байвал тэр ч бас л “та”. Өөрийн эх орны хилийн зурвас давсан л бол нэг алхмаас эхлээд амьдрал, үхэл хүртэл монгол гэдэг ганцхан тодотголтой байх болно.