Нийслэлийхний урлагийн “цангааг” тайлсан “XAOS”
Нийслэлийхний урлагийн “цангааг” тайлсан “XAOS”

Гэрэл зургийг: Ц.Хонгор

Үзэсгэлэнгийн үүдээр ороход цаг хугацаа орон зайн үл хамааралд автах шиг мэдрэмж төрлөө.

Урин цаг хэдийнээ ирж нийслэлд өнгө өнгийн цэцэг, модод нахиалжээ. Үүний адилаар уран бүтээлийн олон төрлийн үзэсгэлэн Улаанбаатарын өнцөг булан бүрд гарч эхэллээ. Гагц зуны энэ л саруудад хот маань уран бүтээлээр өнгө нэмдэг байх. 

Шинжлэх ухаан, технологийн дэвшилд түшиглэн хөгжим, дүрслэх урлагийн хязгааргүй боломжуудыг харуулж буй олон улсын түвшний томоохон уран бүтээлчдийн үзэсгэлэн, тоглолтуудаас бүрдэх “ХАОS” үзэсгэлэн энэ сарын 10-20-ны өдрүүдэд дэлгэгдлээ. “ХАОS” гэдэг нь англиар Chaos-эмх замбараагүй гэсэн утгатай. атинаар “ХАОS” гэж бичдэг аж.

Тус үзэсгэлэнгийн хүрээнд олон улсын гурван уран бүтээлчийн бүтээл нийслэлийн гурван өөр байршилд дэлгэгдсэн бөгөөд Netflix-ийн алдарт “Dark” цувралын хөгжмийн зохиолч Бен Фростын “Predatory Chord” үзэсгэлэн Ancore event hall-д,  Японы уран бүтээлч Риоичи Күрокава “re-assembli” үзэсгэлэн Black box театрт, Сиднейн их сургуулийн медиа урлагийн профессор, уран бүтээлч Диана Честер, Монголын уран бүтээлч Ж.Ариунтуяатай хамтарсан “Зааг” үзэсгэлэнг Хаан банк галерейд тус тус зохиогдлоо. 

Эдгээр үзэсгэлэнгээс онцолж эрин цагийн урлагийн нөлөө бүхий музей, олон улсын наадмуудад бүтээлээ толилуулж байсан Риоичи Күрокавагийн “re-assembli” үзэсгэлэнг үзэхээр зорилоо.

1 

Үзэсгэлэнгийн үүдээр ороход цаг хугацаа орон зайн үл хамааралд автах шиг мэдрэмж төрлөө. Дотор эвгүйцүүлэм хөгжим, өргөн хоёр дэлгэцээс өөр зүйл танхимд байсангүй. Уламжлал болсон угтах хэсэг, үзэсгэлэнгийн эхлэл бүтээл зэрэг зүйлс тэнд алга. Төгсгөлгүй үргэлжлэх дүрс бичлэгтэй нүүр тулав.  

Риоичигийн медиа урлагийн бүтээлүүд хамгийн төвөгтэй ажиллагаатай бөгөөд тэрбээр дэлхийд медиа урлагийн төрлөөр акулын нэгт тооцогддог гэнэ. Нарийн хийцтэй дүрслэл, дуу авиа хосолсон түүний бүтээлийг үзэгчид “Black box театр”-ын хаана ч хүссэн газраа тухлан үзэх боломжтой нь таатай санагдлаа. Энэ нь үзэгчдэд тухайн бүтээлийг өөрийнхөөрөө мэдэрч, ойлгох томоохон оройн зайг бүрдүүлсэн байх. Энэхүү үзэсгэлэн нь лазерын тусламжтайгаар хуулбарласан хотын барилга байгууламж, эзэнгүй балгас, байгалийн гурван хэмжээст өгөгдөл дээр суурилсан бөгөөд байгалийн болон хүний бүтээлийн харилцан уялдааг архитектурын өнцгөөс илэрхийлхийг зорьжээ. 

2 

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид саарал Улаанбаатарт өнгө нэмсэн арван хоног боллоо. Үзэгчдэд өөрийнхөөрөө байх чөлөөтэй оройн зайг бүрдүүлсэн нь тэдэнд тухтай санагдсан байх. Үзэсгэлэнгийн уур амьсгалаас хөндийрөх нэг хором ч байсангүй. Түгжрэл, цахим орчны буруу ташаа мэдээлэлд хордсон нийслэлийнхний оюун бодлыг гагц урлагаар эмчлэх биз ээ.