Сул талыг давуу нөхцөл болгосон шийдэл, туршлага – Эко сум
Сул талыг давуу нөхцөл болгосон шийдэл, туршлага – Эко сум

Эко сум ТББ-ын байгуулсан Хог хаягдал зохицуулах төв, Хишиг-Өндөр сум. 2024.05.12

Харин бид тийм болгож чадах уу? Дуртай л болохоос хайргүй тул зураг шиг үзэсгэлэнг нь зурагт л үлдээх үү?

Баян нуурын усанд ангир, галуу зугаалан, цэн тогоруу, үзэсгэлэнт хос хун нүд баясгаж, өнгө засан ногоорсон уул талын дунд мал сүрэг тайван идээшлээд зуны эхэн сарын шинэхэн өдрүүд монгол оронд иржээ. Байгаль, хүн, амьтан, жигүүртэн зэрэгцэн амар амгалан орших дүр зураг. Уран зураг мэт энэ байдал яарсан сэтгэл, ядарсан тархины чилээг гаргадаг болохоор хүмүүс харах, мэдрэх дуртай. Гэвч дуртай л болохоос хайртай бишийг нь зам даган хөглөрөх зүсэн зүйлийн хуванцар сав, лонх, цэцэгстэй андуурам өнгөтэй гялгар уут гэрчилнэ.  

Нийслэлээс эртлэн хөдөлсөн бид Булган аймгийн Хишиг-Өндөр сумыг зорьж явна. “Эко сумын Нараа” гэж хэвлэлийн хуудас, цахим мэдээллээс харж, уншиж байсан эчнээ танил бүсгүйн санаачилж, хийж хэрэгжүүлсэн ажилтай танилцаж, шинэ үзэл санаа, туршлага нэвтрүүлсэн “эко” хэмээх тодотголтой сумын иргэдтэй уулзах, сурвалжлах зорилготой. 

eco_soum_10 Хог хаягдлыг зохицуулах төвд өгөхдөө хуванцар сав, бөглөөг тусад нь ялгана.

Сумын иргэд хогоо ангилан ялгаж хаях, үүний үр дүн, ач холбогдлыг ойлгох, байгальд хор хөнөөл хамгийн багатайгаар амьдрахыг хичээх зэрэг нь бахархах, магтах эсвэл шагнах үйл явдал ердөө биш юм. Тэд ёс зүйтэй амьдралын хэв маягийг ухамсарлаж, өөрийн болон бусдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэхэд тус дэм үзүүлж, хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалах үүргээ л биелүүлж байгаа эерэг, ухаалаг өөрчлөлт билээ. Харин хүмүүсийг ийм үйлдэл хийхэд уриалж, хөтөлж, дагуулахыг зориглох нь үзэл бодлын зөрчил, сэтгэлгээний дайн юм. 

eco_soum_8 Сумын иргэн дахин боловсруулагдах хог хаягдлыг зохицуулах төвд авчирч буй нь

Эвдрэл багатай засмалаар ихэнх зайг туулж, уул даваа өгсөж, уруудсан шороон замаар хэсэгхэн давхиад эко суманд ирлээ. Сумын төвийн зүүн урд хэсэгт байрласан “Булган аймгийн Хишиг-Өндөр сумын хог хаягдал зохицуулах төв”-тэй танилцаж, аяллаа эхлүүлэв. Эл төвийг Европын холбооны Свич Эйжиа хөтөлбөрийн санхүүжилттэй “Монгол Улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах” төслийн хүрээнд Эко сум ТББ байгуулжээ.

eco_soum_4 Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Хог хаягдал зохицуулах төв

Энэ тухай Эко сум ТББ-ын хамтран үүсгэн байгуулагч Г.Нарантуяа “Дөрвөн жил хэрэгжүүлсэн төслөөрөө суманд хог хаягдал зохицуулалтыг яаж, хаана хүртэл нь авч явж болох вэ, орон нутгийн хог хаягдлыг хэрхэн зохицуулах вэ гэдэгт шийдэл олохыг зорьсон. Энэ хугацаанд тодорхой асуудлуудыг олж харж, шийдэл гаргалгааг гаргаж, эко сумын загварыг бий болгож, туршлага хуримтлуулж чадлаа. Тиймээс бид бодит үр дүнг түгээх, бусадтай хуваалцах ажлыг эхлүүлж байна” гэж ярилаа. 

eco_soum_5 Эко сум ТББ-ын хамтран үүсгэн байгуулагч Г.Нарантуяа

Эко сум ТББ-ыг үйл ажиллагаа эхлүүлэхэд Хишиг-Өндөрт хог хаягдлыг ангилах, ялгах тухай ойлголт, эмхэлж цэгцлэх тоног, төхөөрөмж, ажиллах хүний нөөц байхгүйн дээр хог зөөдөг машин нь эвдэрсэн тун бүрхэг нөхцөл байдалтай байжээ. Харин одоо сумын иргэд хэзээний л хог хаягдлаа ангилж, ялгаад зохицуулах төвд авчирдаг байсан мэт сурцтай болжээ. Хуванцар, гялгар уут, савны бөглөө гэх мэтээр ялган нэг бүрчлэн ууталж авч ирснээ зохицуулах төвийн хогийн савнуудад нэг бүрчлэн ангилаад хийчих юм. Хишиг-Өндөр сумын иргэн Р.Ариунцэцэг “Эко сум” төсөл эхэлснээс хойш л хог хаягдлыг ангилж, ялгахад суралцсан. Өөрсдийн эрүүл мэндээ хамгаалахаас гадна мал, амьтан, байгальд асар чухал нөлөөтэй үйлдэл. Манай суманд энэ төсөл хэрэгжсэнээр сумын төвийн ил задгай хог хаягдал багассан төдийгүй иргэдийн ойлголт өөр түвшинд хүрсэн” гэдгийг онцолж байсан юм. 

eco_soum_9 Сумын иргэн Р.Ариунцэцэгийн авч ирсэн дахиварыг Хог хаягдал зохицуулах төвийн ажилтан Д.Нарандулам хүлээн авч байна. 

Тус байгууллагаас “Хог хаягдлын бүтцийн судалгаа” нэртэй манай улсад өмнө нь ховорхон сонсогдсон нэр томьёотой судалгааны ажлыг төслийн хүрээнд 

Азийн сангийн дэмжлэгтэйгээр хийжээ. Ингэхдээ сумын төвийн нийт өрхийн 10 хувийг түүврийн аргаар сонгож өвөл болон зуны улиралд тухайн айлуудаас ямар ч хог, хаягдлыг хаяхгүйгээр бүгдийг нь цуглуулжээ. Энэхүү туршилт 14 хоногийн турш үргэлжилсэн байна.

Эцэст нь жинлэж, хэмжиж, үр дүнг нь тооцоход хамгийн их гардаг хог хаягдал хуванцар, гялгар уут байсан бол нялх хүүхэдтэй айлаас нэг удаагийн живх, өвлийн улиралд үнс гэх мэтээр тодорхой болгожээ. Судалгааны үр дүнд тулгуурлан эх үүсвэр дээр гарч буй хог хаягдлын зургаан ангиллыг гаргасан нь

Хуванцар,

Гялгар уут

Шил

Хөнгөн цагаан лааз

Бөс даавуу болон тетрапак сав

Электрон хог хаягдал

 гэж ялгаж иргэдэд заавар, зөвлөгөө хүргэн энэ дагуу хэвшүүлсэн гэнэ. 

eco_soum_2  Хог хаягдал зохицуулах төвийн дахивар авах хэсгийн хогийн савнууд

Хог хаягдлыг бүтцээр нь ийнхүү ангилсан тул иргэдийн хүсэлт, саналын дагуу өрхүүдийг хогийн савтай болгох ажлыг зохион байгуулжээ. Асуудлыг шийдэхийн тулд хамгийн жижгээс нь эхлэн бүхий л түвшинд хүрч ажиллаж буйг энэ бүх шийдэл, санаачилга батална. Өндөр нь нэг метр орчим, тагийг нь сөхөөд машины хамар нээх мэт жижиг төмрөөр тогтоочихдог, дөрвөлжин саарал хайрцаг доторх нарийн хөндлөвчид бүтцийн дагуу хогоо ангилах зургаан төрлийн уутыг хавчсан тун боловсон эд аж. Төмөр биетэй, тагтай тул хогийг мал, амьтан ухаж, онгичих, бороо, цасанд норж, салхи шуурганд хийсхээс сэргийлсэн хогийн сав нь орон нутгийн өмч бөгөөд өрх, сумын ЗДТГ, Эко сум ТББ-ын гурвалсан гэрээний хүрээнд ашигладаг гэж сумын иргэд ярьж байлаа. 

eco_soum_6 Гурвалсан гэрээгээр хогийн сав авсан өрхүүд хашаандаа хогоо ийнхүү ангилан ялгадаг байна. 

Тэднээс жишээлж нэгэн айлын хашаандаа хогоо ангилж, ялгаж буй байдлыг очиж үзлээ. Долоон ам бүлтэй тэднийх Цагаан сараас хойш Зохицуулах төвд хогоо аваачиж өгч амжаагүй гэх боловч сав маш бага хаягдалтай, +25 хэм зааж, хурц нар төөнөсөн халуун өдөр огтхон ч эвгүй үнэргүй байгаа нь гайхмаар. Үүний учир нь хог хаягдлыг зөв ангилж ялгахын давуу тал гэж хүүхдийн эмч мэргэжилтэй гэрийн эзэгтэй тайлбарласан юм. 

Тэгвэл иргэдийн ингэж ангилж, ялгасан хог хаягдал Хишиг-Өндөр сумын хог хаягдал зохицуулах төвд буюу Эко сум ТББ-ынхны хараа хяналтад ирээд юу болдог вэ? 

Төслийн хүрээнд авсан пресслэгч машинаар хуванцар савуудыг эмхэлнэ, шил бутлагч машинаар шилийг үйрүүлнэ, үйлдвэрлэгч нь буцааж авдаг ганц нэгхэн нэр төрлийн лонхыг шуудайнд хийж цэгцэлнэ. Бүхий л төрлөөр нь ангилж, ялгаж, цэвэрлэж, цэгцэлж, боож, баглана. Ачааны том тэрэг дүүрэх хэмжээний болтол арчилж, хамгаална. Тэр хэмжээнд хүрвэл машинд ачна, ихэнхдээ 300 км замыг туулан нийслэлд авч ирж тушаана. Замдаа хагарна, хугарна, ирээд гологдоно, хаягдана. Завшаан таарч дахивар авдаг үйлдвэр, аж ахуйн нэгжээс Булган аймагт очвол холбоо харилцаагаа ашиглан аваачиж өгч туулах зам, зарцуулах зардлаа хэмнэх ч энэ нь тун цөөн. Өөрөөр хэлбэл, энэ бүхний эцэст тэд тээврийн зардлаа ч нөхөж чадахгүй. Хог хаягдлын зохицуулалт бол хасах баланстай буюу санхүүгийн хувьд алдагдалтай ажил гэсэн үг.  

eco_soum_7 Ангилж цэгцлэн багласан хуванцар савнууд

eco_soum_1 Шилийг бутлагч машинаар үйрүүлсэн байдал 

Энэ бол мухар зам. Бодлого тодорхойлох, шийдвэр гаргах түвшинд шийдэлгүй байгаа учраас хог хаягдлыг зохицуулах үйл ажиллагаа энд ирээд мухардаж байна. 

Харин гэр бүлийн хосуудын санаачилж, хамтран үүсгэн байгуулсан ТББ энд ирэх чиглэл, боломжийг хангалттай зааж, үндэс суурийг зөв тавиад өгчээ. Тэд сул талыг давуу тал болгон ашиглаж, хүмүүсийн сэтгэхүйд нөлөөлж, бодлогын түвшинд ч дуу хоолойгоо хүргэж чадсан байна. Одоо өөрсдийн олсон гарц, хуримтлуулсан туршлагаа Монгол Улсын бусад суманд хуваалцаж эхэлжээ. Үүний дүнд олон зуун сум “эко” болж, мянга мянган айл өрх хог хаягдлын тухай зөв ойлголт, мэдлэгтэй болно. Олны хүч оломгүй далай тул тэд хамтдаа хийж чадна. 

Тэгээд яах вэ? Дахиад л бүгдээрээ мухар зам дээрээ очоод шийдэлгүйн тойргоороо буцах уу? 

Буцахгүйгээр бүх үйл ажиллагааг нэгэн голдрилын дагуу явуулах, нэг стандарттай болгох, цогцоор нь харж шийдэхийн тулд манай төр, Монгол Улсын Засгийн газрын мэдлэгтэй бөгөөд зөв, тогтвортой шийдвэр хэрэгтэй байна. Эрүүл мэнд, боловсрол шиг анхаарал хандуулах, хангалттай санхүүжүүлэх, зөв менежментийг тогтоож өгөх ёстой салбар бол Хог хаягдлын зохицуулалт гэдгийг дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын жишээ харуулдаг.

Харамсалтай нь Монгол Улсын хог хаягдлыг зохицуулах бодлого хог дээр орхигдсон байна. 

Уг нь зөв хууль, зохицуулалт хийж чадвал хог хаягдлын асуудалд санаа зовохгүй байж, Тэг хаягдлын зарчмыг бүрэн хэрэгжүүлж чадах улсуудын нэг байж чадна гэж мэргэжилтнүүд үздэг аж. Харин бид тийм болгож чадах уу? Дуртай л болохоос хайргүй тул зураг шиг үзэсгэлэнг нь зурагт л үлдээх үү?