Сэтгүүлч Ц.Нандинцэцэгийн санаачилсан Алсад хамт төсөлд Mind сэтгэл судлалын төв, bpress.mn сайт хамтарна.
Манай bpress.mn мэдээ, мэдээллийн сайтын редакц хилийн чанадад амьдарч буй монголчуудынхаа сэтгэл зүйн боловсролыг дэмжих, тэдний даван туулж буй зүйлс, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд нь тус дэм болох зорилготой “Алсад хамт” төсөлд хамтран оролцохоор боллоо.
Учир нь манай сайт гадаад улсад амьдарч буй монголчууддаа хэрэгцээтэй мэдээлэл түгээх, тэдний амьдрал, амжилтын түүхийг хуваалцах “Зурвас даваад”, олон нийтэд сэтгэл зүйн чиглэлийн мэдээ, мэдлэг хүргэх “Сэтгэлд ойр” нэртэй тусгай булангуудыг ажиллуулдаг билээ. Сэтгүүлч Ц.Нандинцэцэгийн анхлан санаачилж, сэтгэл судлалын “Mind” төвтэй хамтарсан “Алсад хамт” төсөл нь манай редакцын зорилготой нэгдсэн тул бид хамтран ажиллахаар болсон юм.
Манай редакцын бүрэлдэхүүний олонх нь хилийн чанадад амьдарч, ажиллаж, суралцсан туршлагатай, Япон улсад хоёр сурвалжлагчтай зэрэг нь сайтдаа нэг сэдэвт зорилтот булангууд нээх, үүгээр дамжуулан гадаад дахь монгол хүмүүсийн нийтлэг эрх ашгийн төлөө бичих, дуугарах хүсэл, зорилгыг бий болгосон юм.