Гэрэл зургийн эх сурвалж: Pexels
Хот байгуулалтын норм, стандартын дагуу цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн зориулалтаар газар чөлөөлөх, норм дүрмийн дагуу олгоогүй тохиолдолд буцаан хурааж авах тухай асуудлыг өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн байна.
Мөн шинээр ашиглалтад орж буй хотхон, хорооллуудыг ашиглалтад ороход цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн асуудлыг шийдвэрлээгүй тохиолдолд ашиглалтад орох хугацааг хойшлуулдаг байх тухай хэлэлцжээ. Үүнд хяналт тавих зорилгоор улсын комиссын бүрэлдэхүүнд орон нутгийн Боловсрол, шинжлэх ухааны газраас төлөөлөл багтаах, шинээр баригдаж буй хотхон, хорооллуудад газар чөлөөлж, сургууль, цэцэрлэгийн зориулалтаар нийслэл, тухайн орон нутгийн боловсрол, шинжлэх ухааны газарт эзэмших эрхийг шилжүүлэх ажлыг зохион байгуулахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосон байна.
Тэрчлэн гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулийн тоог бууруулахаар 11 байршилд 5980 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн төслийг шинээр хэрэгжүүлж байгаа бол 40,350 хүүхдийн хүчин чадалтай 86 төсөл он дамжин хэрэгжиж байгаа аж. Энэ тухай БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Гурван ээлжээр хичээллэх эрсдэл үүссэн сургуулиудын барилгыг өргөтгөх, хөрөнгө оруулалт хийх, барилга угсралтын ажлыг дуусгахад шаардлагатай санхүүжилтийг гаргаж арга хэмжээ авахыг даалгалаа” гэжээ.