МУГТ М.Анхцэцэг
Рио де Жанейро -2016 олимпын наадмын наймдугаар байр, Токио-2020 олимпын дөрөвдүгээр байрын шагналт гавьяат тамирчин М.Анхцэцэгийн “Парис-2024”-т оролцох эрх урьдчилсан байдлаар баталгаажжээ.
Олон улсын хүндийг өргөлтийн холбооноос зарласан энэхүү урьдчилсан мэдэгдэлд манай тамирчны нэр багтсан бөгөөд тэрбээр чансаагаараа шилдэг 10-т бичигдэж байгаа аж. Тус холбооноос Парисын олимпт оролцох тамирчдын нэрсийг эцсийн байдлаар энэ сарын 24-ний өдөр зарлах учиртай бөгөөд 31-ний өдөр Үндэсний олимпын хороод нь баталгаажуулах журамтай гэдгийг Монголын үндэсний олимпын хорооны мэдээлэлд дурджээ.
Ийнхүү хүндийг өргөлтийн дэлхийн аварга тамирчин тэрбээр гурав дахь олимпын наадамдаа оролцох болзлоо хангаад байна. М.Анхцэцэг “Парис-2024” зуны олимпын 33 дугаар наадмын хүндийг өргөлтийн эмэгтэйчүүдийн 81 кг-ын жинд өрсөлдөх юм.