Гэрэл зургийн эх сурвалж: Pexels
Олон улсын гэр бүлийн өдөр тохиож байна. 1993 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблей (A/RES/47/237) тогтоолоор жил бүрийн тавдугаар сарын 15-ны өдрийг Олон улсын гэр бүлийн өдөр болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэжээ. Үүнээс хойш 30 дахь жилдээ тус байгууллагын гишүүн орнууд гэр бүлийн өдрийг тэмдэглэж байгаа аж.
Өнөөдөр нийгмийг бүрдүүлэгч гэр бүлүүд, тэдгээртэй холбоотой асуудлыг таниулах, гэр бүлийн амьдралд нөлөөлж буй нийгэм, эдийн засаг, хүн ам зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх зэрэг үйл ажиллагааг хийх байгуулах, иргэд, олон нийтэд хүргэх өдөр юм.
НҮБ-аас 2024 оны сэдэв: Гэр бүл ба уур амьсгалын өөрчлөлт гэж зарлажээ. Уур амьсгалын өөрчлөлт нь гэр бүлийн эрүүл мэнд, сайн сайхан байдалд сөргөөр нөлөөлж байгаа тул түүний нөлөөллийг бууруулах, дасан зохицоход гэр бүлийн гүйцэтгэх үүрэг, тэдний мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор ийнхүү уриалга гаргасан байна. Тэд хүн төрөлхтөнд тулгарч буй эл асуудлыг эерэгээр шийдвэрлэхэд олон нийтийн санаачилгаас гадна гэр бүлийн оролцоо чухал бөгөөд тэднээр дамжуулан боловсрол, мэдээлэл, мэдлэгийг түгээж чадна гэж үзжээ.
Хүн төрөлхтөн аз жаргалтай гэр бүлийг бүтээж амьдрахад цэнгэг ус, цэвэр агаартай эрүүл гараг хэрэгтэй тул гэр бүлээрээ байгальд ээлтэй амьдарч, эх дэлхийгээ хайрлая.