Сувилагчийн хөгжлийн төв байгуулах хөрөнгийг шийдвэрлэжээ.
Олон улсын сувилагчдын өдөр өчигдөр тохиосон. Тэгвэл өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Сувилагч танаараа бахархъя-2024” үйл ажиллагааг UG Arena-д зохион байгуулж байна.
Эл үйл ажиллагааны нээлтэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож сувилагчдыг тасралтгүй хөгжүүлэх, эмнэлзүйн ур чадварыг сайжруулах зорилготой “Сувилагчийн хөгжлийн төв” байгуулах хөрөнгийг шийдвэрлэснийг онцолжээ. Мөн сувилахуйн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, анхан шатлалд эмч, сувилагчийн харьцааг нэмэгдүүлэх чиглэлээр төрийн болон мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллаж байгааг хэлэв.
Өнөөдөр сувилахуйн салбарын 2500 гаруй мэргэжилтэн “Шинэ сэргэлтийн бодлого-Эрүүл мэнд”, “Сувилахуйн тусламжийн бодлогын зарим асуудалд” сэдвээр илтгэл сонсож, хэлэлцүүлэх болон мэргэжлийн салбар хуралдаануудад оролцох аж.
Өнгөрөгч онд 200 гаруй сувилагч, эх баригчийг гадаад улсад сургалтад хамруулж, сувилахуйн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах мэргэжлийн ур чадварын таван бүлэг цогц чадамж боловсруулан хэрэгжүүлж, түгээмэл үйлдлийн 29 стандартыг шинэчлэн, сувилагчдын цалинг дунджаар 45, энэ онд 20 хувиар нэмжээ.