Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт авлига, албан тушаалын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
- Нийслэлийн прокурорын газраас Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Уул уурхайн бодлогын газрын хэлтсийн дарга Ч.Ц, ахлах мэргэжилтэн Г.Н, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагч Г.Э, Ашигт малтмал, газрын тосны газрын ахлах мэргэжилтэн П.З, мэргэжилтэн Г.Д, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны мэргэжилтэн Ч.Д нар нь БНХАУ-ын иргэн Ф-ийн ашигт малтмал ашиглалтын үйл ажиллагаа эхлүүлэх акт гаргуулах ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан, бусдад давуу байдал бий болгосон гэх хэргийг,
- Гадаадын иргэн, харьяатын газрын Виз зөвшөөрлийн газрын мэргэжилтэн Э.М нь БНХАУ-ын нэр бүхий 24 иргэний Монгол Улсад оршин суух визний зөвшөөрлийг гаргаж, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийснийхээ хариу бусдаас хахууль авч, бусдад давуу байдал бий болгосон гэх хэргийг,
- “Чандмань Налайх” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дарга З.Б нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан иргэн Н.Г, А.А нартай хөдөлмөрийн гэрээ байгуулалгүй ажилд томилж давуу байдал бий болгосон гэх хэргийг,
- Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт ноос боловсруулах үйл ажиллагаа явуулдаг “С” ХХК нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын хамтарсан тушаалаар батлагдсан “Химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”-дад багтсан бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан гэх хэргийг тус тус хянаж, харьяаллын дагуу шүүхэд шилжүүлсэн байна.
Прокуророос өнгөрсөн долоо хоногт нийт 190 хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн. Тодруулбал, эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 78, өмчлөх эрхийн эсрэг 72, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 15, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 8, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 6, хүний амьд явах эрхийн эсрэг 5, авлига, албан тушаалын 4, химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах 2 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байна.