Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1200 метр ус зайлуулах шугам угсарч байна.
НИТХ-ын ээлжит XXII хуралдаан дөрөвдүгээр сарын 18-ны өдөр болж, “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг 100 хувь нийслэлийн өмчид шилжүүлэн авсан. Ингээд Нийслэлийн засаг даргын өгсөн үүрэг даалгаврын дагуу “Геодези усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-аас Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1200 метр ус зайлуулах шугам угсарч байна.
Энэ ажлыг дөрөвдүгээр сарын 29-нд эхэлсэн бөгөөд шугам, хоолой суурилуулах ажил 90 хувьтай үргэлжилж байна. Ажил төлөвлөгөөний дагуу тавдугаар сарын 13-нд дуусаж, ухсан зам, нүхийг нөхөн сэргээх ажил эхэлнэ. Ингэснээр Төв цэнгэлдэх хүрээлэнг бүтэн тойрсон ус зайлуулах шугамтай болох юм.