05 сарын 10, 2024
Бие даан нэр дэвшигч цахимаар гарын үсгээ цуглуулах боломжтой
Бие даан нэр дэвшигч цахимаар гарын үсгээ цуглуулах боломжтой

Бие даан нэрээ дэвшүүлэгч нар хэрхэн бүртгүүлэх талаар Сонгуулийн ерөнхий хорооноос холбогдох байгууллагуудтай хамтран сургалт, мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшүүлэх үйл явц тавдугаар сарын 14-өөс эхлэн тавдугаар сарын 20-ны өдрийг дуустал үргэлжлэх тул өнөөдөр бие даан нэр дэвшүүлэгч нарын бүрдүүлэх баримт бичиг болон нэр дэвшигчээр хэрхэн бүртгүүлэх талаар Сонгуулийн ерөнхий хорооноос холбогдох байгууллагуудтай хамтран сургалт, мэдээлэл хийлээ.

Сонгуулийн мэдээллийн нэгдсэн сан www.e-election.mn цахим системээр нэр дэвшигч бүртгүүлэх, баримт бичиг болон нэр дэвших хүсэлтээ илгээх боломжтой. Бие даан нэрээ дэвшүүлэгч нь сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй сонгогчийн гарын үсэг зуруулахаар хуульчилсан. Дэмжигч сонгогчдын бүртгэл, гарын үсэг цуглуулах ажиллагааг www.e-election.mn цахим системээр хийх, нэгтгэх талаар Сонгуулийн ерөнхий хороо болон цахим систем хөгжүүлэгч компаниас дэлгэрэнгүй зааварчилсан юм. Түүнчлэн Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтыг аймаг, нийслэлийн сонгуулийн хорооноос авч сонгогчдын гарын үсэг цуглуулах уламжлалт ажиллагааны талаар мэдээллээ.

Татварын хугацаа хэтэрсэн өр төлбөртэй эсэх талаарх тодорхойлолт etax.mta.mn цахим системээр авах болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг meduuleg.iaac.mn цахим системд үүсгэх, мэдүүлэх, баталгаажуулах талаар Татварын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газраас зааварчилгаа өгсөн юм.

Үндсэн хуульд зааснаар Улсын Их Хурлын 126 гишүүний 78 гишүүнийг сонгуулийн тойргоос олныг төлөөлөх (мажоритор), 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх (пропорционал) аргаар сонгоно. Үүнтэй холбоотой саналын хуудас хоёр хэсэгтэй байна. Сонгогч саналын хуудасны нэг хэсэгт тухайн тойргийн мандатын тоогоор нэр дэвшигч сонгож дугуйлна. Саналын хуудасны нөгөө хэсэгт нэг нам, эвсэл сонгож дугуйлах талаар мэдээлэв.

2-510-2048x1152 Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигч бүртгүүлэх, бүрдүүлэх баримт бичиг бүртгүүлэх талаар нам, эвслүүдийн төлөөлөлд 2024 оны тавдугаар сарын 3-ны өдөр сургалт, мэдээлэл хийсэн юм.