“Болор толь”-ийн С.Бадрал  “Энхийн шагнал”-ын эзэн боллоо
“Болор толь”-ийн С.Бадрал  “Энхийн шагнал”-ын эзэн боллоо

Болор софт компанийг үүсгэн байгуулагч С.Бадрал "Энхийн шагнал"-ын эзэн боллоо.

Нэгэн цагт Монголын нэрийг дэлхийн чихнээ дуурсгаж, Монгол хүний мөн чанар, үнэт зүйл, амар амгалан, энх тайванч үзлийг даян дэлхийд зарлан тунхаглаж байсан Их Эзэн Чингис хааны музейд морин хуурын аялгуу тасралтгүй эгшиглэнэ. Энэ хооронд Монгол улсынхаа хөгжил цэцэглэлтийн төлөө ажил хөдөлмөрөө зориулж буй эрхэм хүндтэй зочид, “Энх ирээдүй” гар зургийн уралдаанд оролцсон сурагчид, тэдний ар гэрийнхэн танхимд цугласнаар Монгол Улсын тогтвортой хөгжил, нийгмийн сайн сайхны төлөө өөрийн ажил үйлсээр манлайлж, өөрийн эзэмшсэн мэргэжил, хийж бүтээсэн ажилдаа эзэн болж Монгол хүний үнэт зүйлийг үлгэрлэн харуулж буй хүндтэй нэгнийг тодруулж, үйл хэргийг нь алдаршуулдаг “Энхийн шагнал” гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ эхэлсэн юм.

zassan_2 Чингис хааны музей - 2024.05.08

13 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй шагнал гардуулах үйл ажиллагааг Чингис хаан музейн нэг давхрын үзэсгэлэнгийн танхимд морин хуурын аялгуугаар нээж, хүүхдийн найрал дуу эгшиглэсний дараа хүндэт зочдыг ёслолын танхимд урилаа. Энхийн шагнал буюу “Эзэн Монгол” төслийг “Дэлхийн Энхийн Их Наадам”, “Монгол Уламжлалын Академи”, “Дэлхийн Монголчуудын Чуулган” ТББ-ууд санаачлан, 2011 оноос хойш хамтран зохион байгуулж байна. Иймээс зочдыг ёслолын танхимд байраа эзэлсний дараа  “Дэлхийн Энхийн Их Наадам” ТББ-ын тэргүүн Г.Ганбат хүндэтгэлийн арга хэмжээг нээж үг хэллээ.

ganbat “Дэлхийн Энхийн Их Наадам” ТББ-ын тэргүүн Г.Ганбат:

Эзэн Чингис хаан Монголын энх буюу даян дэлхийд амар амгаланг цогцлоож чадсан нь “Монгол хэмээх ёс зүй, Монгол хэмээх үнэт зүйл байсан юм аа” гэж академич С.Нарангэрэл гуай  хэлсэн байдаг. Энэ үнэт зүйл л Тэмүүжинг Чингис хаан болгож, Монголын их амар амгаланг бүтээсэн. Ийм болохоор энэ Монгол хүний үнэт зүйлийг тээж амьдраад зогсохгүй амьдралынхаа зарчим болгож, зорилгоо биелүүлж чадсан тэр үлгэр жишээ хүмүүсийг олж нээх нь “Энхийн шагнал”-ын зорилго. Бид энэ жилийн Энхийн шагналын эзнийг тун удахгүй тодруулна. Энэ эрхэм хүмүүсийн үйл хэрэг, үнэт зүйлийг бүх монголчууд хэм хэмжээгээ болгож, тэдний замналаар хойч үеийн мянга мянган залуус Монголоо дэлхийн дайтай улс болгон бадраагаасай гэж ерөөе.

Энхийн шагнал гардуулах хүндэтгэлийн арга хэмжээг угтан ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Энх ирээдүй” гар зургийн уралдааныг зохион байгуулж, үзэсгэлэн гарган шилдгүүдийг нь тодруулдаг. Өөрийн улс орон, эх дэлхийнхээ ирээдүйн тухай төсөөлөл, хүсэл мөрөөдлөө гар зургаар илэрхийлдэг тус уралдаанд энэ жил Улаанбаатар хот болон Дархан Уул аймаг, Орхон, Хэнтий, Өвөрхангай зэрэг аймгуудаас нийт 217 хүүхэд багачууд хоёр насны ангилалд бүтээлээ ирүүлжээ. Ингээд ахлах, дунд насны ангилалын нэгдүгээр байрт 24-р сургуулийн 11-а ангийн сурагч Н.Имүжин, хоёрдугаар байрт 3-р сургуулийн 8-е ангийн сурагч А.Мишээл,  тусгай байрт Оюунлаг цогцолбор сургуулийн 8-г ангийн сурагч О.Сайнзаяа нар шалгарлаа. Харин бага насны ангиллын нэгдүгээр байрт 47-р сургуулийн 4-в ангийн сурагч Э.Ялгуун, дэд байрт 87-р сургуулийн 3-б ангийн сурагч Номуунгэрэл, тусгай байрт “Шидэт театр” сургуулийн Э.Гүнж нар шалгарчээ.

zas_4 “Энх ирээдүй” гар зургийн уралдаанд амжилттай оролцсон сурагчид.

“Энх Ирээдүй” гар зургийн уралдаанд амжилттай оролцсон сурагчдад шагналыг гардуулсны дараа хүрэлцэн ирсэн зочид он оны энхийн шагналтнуудын танилцуулга бичлэгийг үзэж сонирхлоо. Энэхүү нэр хүндтэй шагналыг нийгмийн сайн сайхны төлөө хийсэн ажил, олон нийтэд үзүүлсэн эерэг нөлөө, үлгэр жишээ байдал, улс орны хөгжилд оруулсан хувь нэмэр, манлайлал зэрэг  шалгуурын дагуу олгодог уламжлалтай. 2011 оноос хойш нийт 11 хүн тус шагналыг хүртээд байгаа юм.

Хамгийн анхны “Энхийн шагнал”-ыг Монгол улсын онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Д.Цахилгаанд олгосноос хойш Төрийн соёрхолт, Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, Монгол Улсын Гавьяат багш, Азийн хүүхдийн сангийн захирал С.Эрдэнэчулуун, ЭХЭМҮТ-ийн хүүхдийн бөөрний мэс заслын зөвлөх эмч Б.Энхравдан, Хөвсгөлийн Улаан тайгын байгаль хамгаалагч, Байгаль орчны гавьяат ажилтан Ж.Төмөрсүх нарын 11 хүнд олгожээ. Харин өнгөрсөн жилийн Энхийн шагналтнаар Зүүн Хойд Азийн байгаль орчин, хөдөө аж ахуйн судалгааны төв”-ийг үүсгэн байгуулагч, судлаач, фермер, малчин Л.Лхагвасүрэн тодорсон юм.

zas_5 “Энхийн шагнал”-ыг санаачлагчдын нэг Монгол уламжлал академийн ерөнхийлөгч, Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Дашням:

Бидний дунд янз бүрийн ажил хийдэг, бүтээдэг, хүмүүсийн дунд гэрэл гэгээ, үлгэр дуурайлал болгож бахдахаар тийм хүн олон. Тийм хүмүүсийн зарим нь төрийн хараанд, түмний хараанд ч өртдөггүй, зүгээр л өөрийн ажлаа хийгээд явдаг. Үүнийг улс орон даяар мэдэж байх ёстой гэж үзэж энэ шагналыг бий болгосон юм. Энэ их зөв шагнал болжээ гэж 13 жилийн дараа бодогдож байна. Энхийн шагналтууд жил ирэх тусам залуужиж, жил ирэх тусам энхийн шагналтнуудын бодож, бүтээж, хийж байгаа юм нь жинхэнэ улс орныхоо хөгжлийг тодорхойлж, манлайлал, үлгэр дуурайлал бий болгож байгаа нь биднийг маш их баярлуулж байна. Энэ сайхан залуусын материалтай танилцаж байхдаа бид ямар их бахархдаг гэж санана. Амьдрал бол ганцхан үгээр хэлэхэд оролцоо юм. Тэгэхээр яаж оролцох вэ гэдгээ энд сууж байгаа хүмүүс дор бүрнээ тодорхойлж байгаа. Гэхдээ илүү тод, илүү томоор тодорхойлоход өнөөдрийн Энхийн шагнал та нарт тус болно оо гэж бодож байна.

Энхийн шагналтныг шалгаруулах зөвлөл энэ жил салбар бүрээс нэр дэвшсэн нийт 46 хүний материалыг цуглуулж судлаад гурван үе шаттай шүүн тунгааж шийдвэрээ гаргасан байна. Ингээд Энхийн шагналтны нэртэй дугтуйг  МУБИС-ийн Түүхийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор, “Энхийн шагнал”-ын комиссын гишүүн Ж.Гэрэлбадрах задалсан юм.

zas6 МУБИС-ийн Түүхийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Ж.Гэрэлбадрах:

Энэ бол улс төрийн шагнал биш нийгмийн шагнал. Монголынхоо төлөө цохилох зүрхтэй, нийгэмдээ сайн сайхныг бүтээхийн төлөө байдаг хүмүүсийн хандиваар бүтдэг нийгмийн шагнал юм. Энэ жилийн энхийн шагналтан бол Санлигийн Бадрал.

Санлигийн Бадрал

Бадрал нь цахим эриний бүх Монгол хэрэглэгчдийн өдөр тутмын хэрэглээ болсон хамгийн олон үгийн сантай, хамгийн анхны үнэгүй хэрэглэдэг цахим толь бичиг болох “БОЛОР ТОЛЬ”-ийг 2002 оноос хойш өдийг хүртэл хөгжүүлж ирсэн юм. Болор толиор нь түүнийг бүх Монголчууд мэддэг болсон. Анх 100000 үгийн сантай хүн бүр үнэгүй хэрэглэх боломжтой Болор толийг бүтээснээс хойш тасралтгүй хөгжүүлж өнөөдөр хүн бүрийн өдөр тутмын хэрэглээ болж өдөрт 200-300 мянган ханддаг, хагас сая үгийн сантай цахим толь болжээ. Үүнээс гадна интернэт орчинд дүрмийн алдаагүй бичих боломжийг Болор дурангаар бүрэн шийдсэн нь хүн бүрийн дотны туслагч болж чадсан юм.

Түүний дараагийн том мөрөөдөл бол Монгол хэлийг виртуал болгох ажил байв. Иймээс Чимэгэ системийг хөгжүүлж эхэлжээ. Чимэгэ бол бага нөөцтэй хэл дээр яриа таних, яриаг бичвэрт хувиргах нь ойрын ирээдүйд шийдэгдэх боломжгүй гэж үздэг байсан салбарт Монгол хүний хөгжүүлж дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн технологи юм. Аж үйлдвэрийн 4-р хувьсгалын эрин үед Монголчуудыг хөл нийлүүлэн алхах боломжийг нээн цахим хэл шинжлэл буюу компьютер бидний яриаг ойлгох, компьютер үр дүнгээ бидэнд ойлгомжтойгоор илэрхийлэх үндсийг хиймэл оюуны машин сургалтын технологитой холбон хөгжүүлж байна.

badral Болор софт компанийг үүсгэн байгуулагч, софтвэйр архитектур С.Бадрал:

Анх үсэг, тэмдэгтийг засах жижигхэн ажлаас эхэлж байсан. Энэ маань явсаар байгаад Монгол хэлний асуудал болсон. Монгол хэлээр цахим орчинд чөлөөтэй нэвтрэх боломжийг хангаж, алдаа мадаггүй хэрэглэж явах нөхцлийг бүрдүүлэх ажил болж цаашаа өргөжсөн. Ингээд явж байтал орчин үед хүн бүрийн ярьдаг болсон хиймэл оюуны салбар руу орсон. Ганц хүн үүнийг хийж дийлэхгүй болсон учраас Болор софт, Чимэгэ системс зэрэг олон компани байгуулсан. Энэ бүхний ард 50 гаруй хүн гол ачааг нь үүрч явна. Бид монгол хэлээр ярьдаг, монгол хэлийг энгийн монгол хүн шиг ойлгодог хиймэл оюуны технологи буюу Эгүнэ хэмээх виртуал монгол туслахыг дөнгөж гурван долоо хоногийн өмнө олон нийтэд ил болголоо. Одоогоор их найман гүрэн л өөрсдийн  хэлний хиймэл оюунд суурилсан модель загварыг зохиогоод байгаа юм. Тэдний араас хийсэн хамгийн анхны улс нь боллоо. Ирээдүйд бид техник, технологийн хөгжлийг нэгэнт зогсоож чадахгүй болохоор үүнийг зөв талаас нь хэрэглэн Монгол хүнийг аз жаргалтай амьдруулахыг мөрөөдөж, виртуал Монгол туслах Эгүнэг зохиогоод  байна. Энэ бол дөнгөж эхлэл. Цаашид илүү том үр ашгийг бүтээхийн төлөө хичээн ажиллах болно.

Түүний хувьд хүнд хэрэгтэй сэтгэлээ шингээсэн зүйл хийвэл аяндаа үнэ цэн, үнэлэмж нь нэмэгдээд ирнэ гэж боддог. Сүүлийн 10 жил хүсэж, мөрөөдөж буй ажлынхаа хүрээнд монгол бичгийн Юникод стандартын алдаа, хүндрэлийг засаж, олон түвшинд шийдвэрлэж, “Тунгаамал” загварыг гаргасан. Ингэснээр эх хэлээ 2000 жил хамгаалж чадна гэж тэр итгэдэг. Мөн сошиалын видео хандалт, трэндийн судалгааг гаргадаг “КУДОС СИСТЕМ”, Монголын анхны хиймэл оюун суурилсан сошиалаас мэдээ цуглуулж ангилдаг “ЭДҮГЭ СИСТЕМ”, КИМО, “ЧИМЭГЭ СИСТЕМ”, Монголын хамгийн анхны виртуал туслах ЭГҮНЭ-г бий болгон хөгжүүлэлтийг ажлыг нь хийж 2025 он гэхэд хэрэглээнд бүрэн нэвтрүүлэхээр ажиллаж байна. 

zas9 С.Бадрал гэр бүлийн хамт.

Монгол Улсын төрийн дуулалд гардаг “Үндэс язгуур, хэл соёлоо үрийн үрдээ өвлөн бадраая!” гэсэн, монгол хүн бүрийн ирээдүйнхээ өмнө хүлээсэн үүргээ, тэртээ 20 жилийн өмнө алс холын Герман улсыг зорьж байсан тэр хөвгүүн зорилго нэгт нөхдийн хамт нэр төртэйгөөр биелүүлж, монгол хэл, монгол бичгээ цахим орчинд тамгалах олон үйлсийг эхлүүлж бодитой болгон дэлхийд түүчээлж яваа бахархам хувь нэмрийг нь онцгойлон үнэлж 2023 оны “Энхийн шагнал”-ыг олгохоор зохион байгуулах хорооноос санал нэгтэй шийдвэрлэжээ.

shagnal_komiss “Энхийн шагнал” гардуулах мөч.

Түүний “Энхийн шагнал”-ыг тогтсон уламжлалын дагуу өмнөх жилийн энхийн шагналтан Зүүн Хойд Азийн байгаль орчин, хөдөө аж ахуйн судалгааны төв”-ийг үүсгэн байгуулагч, судлаач, малчин Л.Лхагвасүрэн цомыг нь гардуулсан юм. Энхийн шагналыг цэнхэр дэлхийгээ элгэндээ энхрийлэн тэвэрсэн Алунгоо эхийн дүрслэл бүхий баримал болон 3 сая ₮-ийн мөнгөн шагнал дагалддаг. Шагналын сан нь Монгол хүний үнэт зүйл, нийгмийн сайн сайхны төлөө гэсэн сэтгэлтэй байгууллага, хувь хүмүүсийн хандиваас бүрддэг. Энэ жилийн Энхийн шагналын хандивт 156 хувь хүн, байгууллага нэгдсэн байна.

zas8 “Зүүн Хойд Азийн байгаль орчин, хөдөө аж ахуйн судалгааны төв”-ийг үүсгэн байгуулагч, судлаач, малчин Л.Лхагвасүрэн:

Бадрал бол Монголын шинэ эринг бий болгож байгаа хүн. Би Герман, Америкт олон жил болж ирээд 10 гаруй жил хөдөө амьдрахад Болор толь, Чимэгэ их хэрэг болж байна.  Монголоороо юм бичих гэсэн чинь алдаатай бичээд эхэлсэн. Алдаа засагч миний байнгын туслагч боллоо. Гарцаа байхгүй Бадралынхаа юмыг хэрэглэдэг нэг хүн нь би. Өнөөдөр ингээд хийсэн зүйл нь гар, зүрхэнд ойр энэ бүтээлийг Монгол түмэнд хүргэж өгсөн хүнд Энхийн шагнал иржээ. Цаашид хийж бүтээж байгаа зүйл нь Монгол түмнийг илүү холын замд хөтөлнө гэдэгт эргэлзэхгүй байна.

Орчин үеийн техник технологийн ололт амжилтыг Монгол улсынхаа язгуур өв соёл, хэл соёлын хэрэглээ болгон хөгжүүлж, цаашид улс орны олон салбарт хэрэглэж болох хиймэл оюуны технологийн үндэс суурийг тавьж чадсан С.Бадрал ийнхүү Энхийн шагналын эзэн боллоо. Тэр бол Монголын шинэ үеийн төлөөлөл. Ирээдүйн Монгол улсын хөгжлийн бэлгэдэл хэмээн хэлсэн Монгол Улсын онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, Соёлын  гавьяат зүтгэлтэн Д.Цахилгааны үгээр энэ сурвалжилгаа төгсгөе.