Н.Ариун-Эрдэнэ: Амьдралын уналт босолтын мөчлөгийг сэтгэл гутралтай холбох нь буруу
Н.Ариун-Эрдэнэ: Амьдралын уналт босолтын мөчлөгийг сэтгэл гутралтай холбох нь буруу

Сэтгэл зүйч Н.Ариун-Эрдэнэ

Бидний сэтгэл зүй байнга тогтвортой байна гэж байхгүй. Амьдралын уналт босолтын багахан мөчлөгийг сэтгэл гутралтай холбох нь буруу.

Сүүлийн үед залуус “Introvert, extrovert” гэх сэтгэл зүйн тодорхойлолтод өөрийгөө хамруулах боллоо. Харамсалтай нь энэ талаарх тодорхой ойлголтгүй хэр нь үүнийг чамирхал төдий ашиглаж байна. Мөн сэтгэл зүйн  боловсролгүйн улмаас цахим орчинд буй тест, сорилуудыг бөглөж, үүнээс гарсан үр дүнгээр өөрийгөө тодорхойлох боллоо. Үүнээс үүдэж сэтгэл зүйчидтэй уулзахаас илүүтэй цахим сорилд итгэх нь түгээмэл байна. Иймд үүний хор уршиг болон дээр дурдсан сэтгэл зүйн тодорхойлолтын талаар сэтгэл зүйч Н.Ариун-Эрдэнэтэй ярилцлаа. 

-Сэтгэл зүйн олон төрлийн тест, асуумжууд цахим орчинд бий. Залуус үүний үр дүнгээр өөрийгөө сэтгэл гутралтай, архины хамааралтай гэх зэргээр тодорхойлдог. Тиймээс цахимд байршиж буй тус сорилуудын талаар яриагаа эхэлье?

-Цахим орчинд сэтгэл зүйн сорил тестүүд түгээмэл бий. Эдгээр сорилуудыг хэн түгээж буй нь тодорхой биш байдаг. Мөн хүмүүс шууд итгэж, өөрийгөө тус сорилын дүнгээр тодорхойлох хандлагатай байна. Ерөнхийдөө тухайн хүн мэдээлэлд маш хайнга хандаж буйн илрэл гэж ойлгож болно. Ялангуяа хөл хорионы үеэр “Сэтгэл зүйчтэй уулзаж мөнгө төлж байхаар цахим орчинд буй сорилыг өгөх нь үр дүнтэй юм байна” гээд автах иргэд олон байсан. Цахимд сорилууд  нийтлэгдэх нь буруу биш. Гол нь тус сорилын үр дүнг хувь хүн зөвөөр хүлээж авч байна уу, үгүй юу гэдэг нь учир дутагдалтай байна. Иймд сэтгэл зүйн тухай зөв мэдээллийг авах нь маш чухал .

-Цахим сорил нь нэг талаараа сэтгэл зүйчээс илүүтэй мэдээллийг өгөөд байна уу? Энэ талаар буруу ойлголттой хүмүүс хэр их байдаг вэ?

-Сэтгэл зүйч бүрд маш сайн эзэмшсэн оношилгооны арга барил гэж бий. Цахим орчинд буй сорилууд тухайн хүнийг 100 хувь тодорхойлохуйц үр дүн гардаггүй. Энгийнээр тайлбарлахад хүмүүс зөвхөн ганц л үр дүнгээр өөрийгөө болон сэтгэл зүйгээ тодорхойлох гээд байдаг. Гэтэл оношилгооны зурган, асуулт, ажиглалт, текст гэх мэт маш олон арга бий. Зарим тохиолдолд хоёроос дээш төрлийн оношилгооны аргаар тухайн хүний сэтгэл зүйг тодорхойлдог. Иймд сэтгэл зүйч л танд тухайн сорилын үр дүнг судалгаатай, баталгаа, нотолгоотой, маш дэлгэрэнгүй ярьж өгнө шүү дээ. 

-“Өөрийн бодол өөртөө зөв” гэгчээр сорилын үр дүнд гүн итгэсэн хүмүүс байдаг. Тэгвэл ямар төрлийн сэтгэл зүйн онцлогтой хүмүүс итгэх хандлагатай байдаг вэ?

-Жишээлбэл “Introvert” төрлийн хүн бусдын үзэл бодлыг өөрийнхөөсөө илүүд үздэг энэ утгаараа цахим сорилын үр дүнд гүн итгэх хандлага “extrovert” хүнээс илүү байдаг. Мөн итгэл үнэмшил нь шашинлаг эсвэл далдын хүч гэх зэрэг зүйлсэд итгэдэг, айдас өндөртэй орчноос ирж буй мэдээлэлд мэдрэг ханддаг хүмүүс сорилын үр дүнд итгэдэг байж болох юм. Нэг үгээр сэтгэл зүйн хувьд уналттай хүмүүс албан бус эх сурвалжаас гарсан энэ төрлийн сорилд гүн итгэдэг учир мэдээлэлд маш цензуртэй хандах хэрэгтэй. Тус сорилын үр дүнг өөр бусад эх сурвалжаас баталгаажуулж, үнэн худлыг тогтоох нь зүйтэй. Хэрэв сэтгэл гутралтай эсэхийг тодорхойлох сорилыг бөглөөд үр дүн нь таагүй мэдрэмж төрүүлж байвал үнэхээр сэтгэл гутралтай эсэхээ цааш нь илүү судлах хэрэгтэй. 

-Гэхдээ СЭМҮТ-ийн албан ёстой цахим хуудас сэтгэл зүйн сорилын булантай шүү дээ. Бид энэ төрлийн газруудын сорилын үр дүнд итгэж болно гэсэн үг үү?

-Хэрэв эргэж холбогдох боломжтой албаны сайтуудын сорилд хамрагдсан бол тухайн газрынхаа сэтгэл зүйчтэй уулзаж, зөвлөгөө авах хэрэгтэй. Иймд хаа хамаагүй явж байдаг сорилуудад нухацтай хандах нь зүйтэй. Зарим блоггер, сайтууд хүмүүсийн анхаарлыг татах зорилгоор тавьдаг. 

-Та “Introvert” гэж дээр дурдсан шүү дээ. Залуусын дунд түгээмэл буй эдгээр нэршлийг тайлбарлаж болох уу?

-Миний хувьд эдгээр нэршлийг тодорхойлолт гэж хэлнэ. 

Хүн бүрд онцлог шинж чанарууд бий. Цэвэр нээлттэй хүмүүс байдаг. Тэд танихгүй хүмүүстэй найз нөхөд болох авьяастай, мөн багаар ажиллах дуртай бөгөөд ихэвчлэн хамт ажиллагсадтайгаа харилцаа тогтоох чадвартай. Мөн санаа бодлоо бусдаас зовохгүйгээр илэрхийлж байдаг. Харин “introvert” хүмүүс ганцаараа эсвэл нам гүм орчинд цагийг өнгөрөөхийг илүүд үздэг. Дотны найз нөхдийнхөө жижиг тойрогтой  холбоо тогтоодог хүмүүсийн хэлдэг.

-Хүний сэтгэл зүй ганц  төлөвт байдаггүй шүү дээ. Шууд л чи  “Introvert” юм байна гэж тодорхойлж болохгүй биз дээ?

-Ерөнхийд нь хүн өөрийгөө ямар үед нээлттэй эсрэгээрээ ямар үед сэтгэл зүйн хувьд хаалттай байна гэдгээ мэдэж байвал зүгээр. Бодол мэдрэмж нь хэт дотогшоогоо чиглэсэн, ганцаардах дуртай хүмүүс байдаг. Энэ нь тэдний төрөлх онцлогтой холбоотой байтал хүмүүстэй уулз, ярилц, нээлттэй олонтойгоо бай гэх зэргээр тулган шаардаж болохгүй.

Ялангуяа “introvert” төрлийн онцлог шинж чанар таны хүүхдэд ажиглагдаж байгаа бол өөрийнхөө бодлыг тулган шаардах болон үглэхээс илүүтэйгээр миний хүүхэд юунд сонирхолтой байна, сэтгэл санаа нь ямар байна, ямар үзэл бодол төлөвшиж байна гэдгийг сонирхон мэдэхийн тулд сайн сонсогч байх нь тустай. Түүнчлэн хүүхдэдээ сонголт хийх боломжийг олговол илүү үр дүнтэй. 

-Мөн траума гэдэг үгийг их ашиглах болсон. Энэхүү тодорхойлолтын талаар?

-Траума гэдэг нь “гэмтэл шарх” гэх утгатай үг бөгөөд сэтгэлийн гэмтэл гэж ойлгож болно. Мөн сэтгэл зүйн гэмтэл гэж ангилдаг. Хүн бүрд траума буюу сэтгэлийн гэмтэл шарх харилцан адилгүй илэрдэг. Иргэд сэтгэл зүйн боловсрол бага тул юунаас ч гэмтэж болдог юм байна гэж бодоод байдаг. Сэтгэл хөдлөлийн болон сэтгэл зүйн траума нь танд хэн ч тусалж чадахгүй аюултай ертөнцөд байгаа мэт мэдрэмжийг төрүүлдэг. Хүүхэд насанд тохиосон гэнэтийн явдал, үхэл, салалт, гүн сэтгэл гутралд автах, үл тоомсорлогдох нөхцөл байдал нь траумад оруулдаг. Энэ үгийг болгоомжтой хэрэглэмээр байна. Зүгээр л хүнтэй маргалдсаны улмаас “гэмтчихлээ” гэж ярих нь учир дутагдалтай. Шинжлэх ухаанаар ямар нөхцөлд хүний сэтгэл шархалдаг талаар маш нарийн судалсан байдаг. Иймд сэтгэл зүйн боловсролтой байх шаардлага нэн тэргүүнд үүсэж байгаа юм. 

-Сэтгэлийн шархыг хэрхэн анагаах вэ? 

Төрөл бүрийн арга бий. Хамгийн эрүүл арга нь ярилцах, тухайн гэмтлээ хүлээн зөвшөөрөх юм. 

-Тэгвэл  иргэд яагаад сэтгэл зүйн боловсролгүй байна вэ?

-Өөрөөсөө эхэлмээр байна. Би ямар онцлогтой, бусдад хэр тухтай юм бэ? гэх зэргээр өөрийнхөө талаар эрэл хайгуул хийж буй хүн цөөн байна. Мөн өөрийгөө хайж байна, өөрийгөө ойлгох гэж хичээж байна гээд маш хүнд подкаст, ном уншиж, сөргөөр өөрийнхөө итгэл үнэмшлийг эвдэх, өөрийгөө тодорхойлох гэх мэт асуудлууд гараад байна. Ялангуяа подкаст сонсоод өөрийгөө дүгнэж байгаа бол мэргэжлийн сэтгэл зүйч дээр очиж үүнийгээ баталж нотлох хэрэгтэй. Шууд тэр хүний үгийг өөр дээрээ хүлээж авч болохгүй. Танд зөвлөгөө өгөөгүй, зүгээр та тэр хоёр хүний яриаг сонсож байгаа хүн шүү дээ.

Бидний сэтгэл зүй байнга тогтвортой байна гэж байхгүй. Амьдралын уналт босолтын багахан мөчлөгийг сэтгэл гутралтай холбох нь буруу. Тиймээс багаас нь л эхэлмээр байна. Өөрийгөө ойлгоогүй байж ном дээрх онол, эсвэл өөрөөсөө тэс өөр зан чанартай, сэтгэлийн шархтай хүний талаар сонсчихоод үүндээ автаад байна. 

-Монголчууд хүнд муугаа үзүүлэх дургүй хүмүүс гэдэг. Энэ ч утгаараа өөрт тулгамдаж буй асуудлаа танихгүй хүнд ярих нь бэрхшээлтэй санагддаг байх. Тэгвэл сэтгэл зүйч дээр очоод ярилцаад,  зөвлөгөө аваад, эмчлэгдэх боломжтой асуудлыг бид дээр дурдсан байдлаар яагаад хүндрүүлээд байдаг юм бэ?

-Миний бодлоор иргэдийн дунд тусгай судалгаа явуулах хэрэгтэй юм шиг санагддаг. Хүмүүс цахим хуудсыг маань дагадаг хэр нь надаас ирээд зөвлөгөө авах боломжтой гэдгийг ойлгодоггүй. Эсвэл өөрийгөө сэтгэл зүйн хувьд асуудалгүй гэж бодож байж болно.

Сонирхолтой нь хүн өөрийгөө сэтгэл зүйн асуудалтай, зөвлөгөө авах шаардлагатай юм байна гэдгээ шийдэхэд ойролцоогоор арван жилийг зарцуулдаг гэж үздэг. Тэгэхээр сэтгэл зүйн зөвлөгөө үнэтэй гэж боддог хүмүүс хэр их байгаа юм, энэ талаарх үйлчилгээ байдгийг мэддэггүй хэр байгаа зэрэг судалгааг нийт иргэдийн дунд явуулбал сэтгэл зүйн боловсролтой иргэдтэй болоход ямар асуудал тулгамдаж буй нь гараад ирнэ гэж бодож байна. 

-Ярилцсанд баярлалаа.