19 шинэ автобусны зогсоол ашиглалтад оржээ
Гэр хорооллын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах төслийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 17, 18, 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт хоёр битүү, 17 задгай нийт 19 шинэ автобусны зогсоолыг өнөөдөр ашиглалтад орууллаа.
Автобусны буудал тус бүр нийтийн тээврийн мэдээлэл авах ухаалаг самбартай бөгөөд тухайн замд үйлчилдэг нийтийн тээврийн чиглэлийн автобусны ирэх хугацааг харах боломжтой аж. Мөн автобусны буудал бүрд байршуулсан хяналтын камер нь буудал орчмын аюулгүй байдлыг хянах боломжтой юм байна.
Улаанбаатар хотын хэмжээнд нийт 1115 автобусны буудал байдгийн 59 нь автобусны эцсийн зогсоол. Нийт автобусны буудлын 65 хувьд нь иж бүрэн тохижилт хийгдээгүй байсныг үе шаттайгаар шийдвэрлэж байгаа бөгөөд шинэ автобусны буудал ашиглалтад орсонтой холбогдуулан бид автобусны чиглэлийг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгааг нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонжаргал онцолжээ.