Саналын хуудас хоёр хэсэгтэй байна
Саналын хуудас хоёр хэсэгтэй байна

Сонгуулийн ерөнхий хорооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Өнөөдөр Сонгуулийн ерөнхий хорооноос Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн саналын хуудас болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Сонгуулийн ерөнхий хороо ээлжит сонгуулийн бэлтгэл ажлаа хуулийн дагуу үе шаттай зохион байгуулж байна. Одоогоор аймаг нийслэл, сум дүүргийн сонгуулийн хороодыг байгуулж дууссан. Харин 2196 хэсэг байгуулах бэлтгэл ажлыг хангаж байна. Ирэх долоо хоногоос нэр дэвшигчид тодорхой болж эхлэхийн зэрэгцээ сонгуулийн санал авах хэсгүүдийг байгуулж дуусна гэдгийг Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлж байна.  

Харин сүүлийн үед сонгуулийн хууль бус сурталчилгаа явуулж байна гэх шүүмжлэл цахим орчинд гарах болсон. Иймээс Сонгуулийн ерөнхий хорооноос мэдэгдэл гаргаад  байна.

Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир:22

Хэрэв хууль бус сурталчилгаа явуулбал нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзана. Харин бүртгэсний дараа хууль бусаар сурталчилгаа явуулсан нь тогтоогдвол нэрийн жагсаалтаас хасах хатуу арга хэмжээ авч ажиллана. Иймээс хэвлэл мэдээллийн байгууллага болон олон нийтийг хууль бус сурталчилгааг таслах зогсоох чиглэлээр хамтран ажиллахыг уриалж байна. Хамгийн гол нь мэдээлэл тодорхой эзэнтэй, баримттай байх ёстой. Тухайлбал, УИХ-ын гишүүд хуулийн дагуу олон нийтэд ажлаа тайлагнах боломжтой. Харин горилогч хүн сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө мөрийн хөтөлбөр танилцуулаад явбал хууль бус сурталчилгаа гэж үзнэ. Үүнийг нь гомдол гаргаад тогтоочихвол нэр дэвшигчээр бүртгэхгүй.

Гэхдээ нэр дэвшигчдийн  хувьд телевизийн нэвтрүүлэг, хөтөлбөрт оролцох боломж нь нээлттэй. Ингэхдээ санал татах зорилгоор сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон, ирээдүйд бий болох амлалтын шинжтэй зүйл ярьж болохгүй. Энэ тухай зөвхөн хуулиар тогтоосон сонгуулийн сурталчилгааны үеэр ярьж, тэгш өрсөлдөх боломжийг хангах ёстой гэдгийг онцолж байна.

Саналын хуудас хоёр хэсэгтэй байна

Энэ удаагийн сонгуульд 23 нам, хоёр эвсэл оролцохоор бүртгүүлсэн. Иймээс Сонгуулийн ерөнхий хорооноос саналын хуудасны загварыг баталсан байна. Улс төрийн зургаан намаас сонгуулийн саналын хуудасны загвартай холбоотой шаардлага, хүсэлт ирүүлсэн. Үүнийг харгалзаж үзээд саналын хуудсыг нам сонгох, нэр дэвшигч сонгох гэсэн хоёр хэсэгтэй байхаар баталжээ. Өөрөөр хэлбэл, мажоритар буюу тойргоос сонгох хүмүүсийн нэрс нэг хэсэгт байх бол нөгөө хэсэгт нь пропорционал буюу хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгох нам, эвслийн нэрс байх юм.

Нам эвслийн саналын хуудасны загвар:

438204548_788130473271598_7288456158090236503_n 

Нэр дэвшигчийн саналын хуудасны загвар:

438221082_1218113822929822_7842758803387515961_n 

Саналын хуудаст нам, эвслийн нэр болон нэр дэвшигчийн нэрсийг байрлуулахыг хуульд тодорхой заасан байдаг. Намуудыг Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллаар жагсаах бол нэр дэвшигчийг тухай намаас ирүүлсэн жагсаалтад үндэслэн байршуулах юм байна.

Одоогоор нэг саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжид уншуулахад 22-38 секунд болно гэж тооцоолжээ.

5 Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ

Энэ удаагийн сонгууль нь холимог тогтолцоогоор болох тул сонгогчид саналын хуудас бөглөхдөө алдаа гаргах тохиолдол их байх магадлалтай. Иймээс Сонгуулийн ерөнхий хорооноос саналын хуудасны загварыг олон нийтэд танилцуулах зорилгоор номын баяр дээр асар ажиллуулж танилцуулга хийнэ. Мөн Ялалтын талбайд байнгын асар ажиллуулж, олон нийтэд нээлттэй мэдээлэл өгч ажиллахаар бэлтгэж байна.

Өнөөдрийн уулзалтын үеэр цагдаагийн байгууллагыг төлөөлж ЦЕГ-ын Зөрчлийн хэрэг бүртгэх албаны чиглэлийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Э.Саруул товч мэдээлэл өглөө. Он гарснаас хойш сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой 23 гомдол, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Үүний 15 нь зөрчил, 8 нь гэмт хэргийн шинжтэй гомдол байжээ. Иймээс гэмт хэргийн  шинжтэй гомдлуудыг прокурорын хяналтад шалгаж байна. Гомдлуудын олонхыг хууль бус сурталчилгаа явуулж байна гэсэн иргэдийн мэдээлэл эзэлж байгаа аж.