Гадаад улсад буй сонгогчдын санал авах ажлыг зохион байгуулах салбар комисс зохион байгууллаа
Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг удирдан зохион байгуулах төв комиссын 2024 оны 01 дүгээр тогтоолоор хилийн чанадад ажиллаж буй Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газрын дэргэд 47 салбар комисс байгууллаа.
Салбар комисс байгуулагдсанаар гадаад улсад байгаа сонгогчид сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлж, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлэх боломж нээгдэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулиар гадаад улсад байгаа сонгогчид 20 хоногийн хугацаанд Дипломат төлөөлөгчийн газраа биечлэн очиж сонгуульд оролцох хүсэлтээ гаргаж байсан. Улсын их хурлын 2024 оны ээлжит сонгуулиар сонгуульд оролцох иргэдийн хүсэлт гаргах хугацааг 40 хоног болгосноос гадна дипломат төлөөлөгчийн газартаа заавал биечлэн очихгүйгээр цахимаар хүсэлт гаргах боломжийг бүрдүүллээ. Тодруулбал, гадаад улсад байгаа сонгогчид 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө дипломат төлөөлөгчийн газарт биечлэн очих эсхүл https://election.burtgel.gov.mn/request хаягаар нэвтэрч сонгуульд оролцох хүсэлтээ цахимаар гарган сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлнэ.
Монгол Улсын Их хурлын 2024 оны ээлжит сонгуулиар Улсын их хурлын 126 гишүүнийг сонгуулийн холимог тогтолцоогоор сонгоно. Монгол Улсын Үндсэн хуулийн 2023 оны өөрчлөлтөөр Улсын их хурлын гишүүний тоо болон сонгуулийн тогтолцоог хуульчилсан. Үндсэн хуулийн энэхүү өөрчлөлтөөр Улсын Их хурлын 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгохоор тусгасан.
Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуулиар хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар 48 гишүүнийг сонгох сонгуульд Монгол Улсын нутаг дэвсгэр сонгуулийн нэг тойрог байх бөгөөд гадаад улсад суугаа сонгуулийн эрх бүхий иргэд нам, эвсэлд санал өгч сонгуульд оролцож сонгох эрхээ эдэлнэ.