Ж.Долгормаа: Сайн хүүхэд бэлдсэн багшийн ур чадвар илүү сайжирдаг
Ж.Долгормаа: Сайн хүүхэд бэлдсэн багшийн ур чадвар илүү сайжирдаг

Зургаадугаар ангийн сурагчид физикийн хичээлийн давтлагын цагаараа

Хамгийн чухал нь мэргэжилдээ дуртай байх. Өөрийгөө хөгжүүлдэг байх.

Өвөрхангай аймгийн Төгрөг сумын ЕБС-ийн физикийн багш, боловсролын тэргүүний ажилтан Ж.Долгормаатай ярилцлаа. Говийн жижигхэн сумын сургуульд 24 дэх жилдээ физикийн багшаар ажиллаж буй тэрбээр олон сайн шавь бэлтгэж инженер, багш нарыг ирээдүйн замд нь хөтөлсөн. Ж.Долгормаа багшийн шавь нар жигд амжилтыг үзүүлдэг болохоор Төгрөгийн сургууль  элсэлтийн шалгалтын дүнгээр аймаг, улсын дунджаас дээгүүр ордог юм. 

- Таны физикийн багш болсон тухай асууж ярилцлагаа эхэлье? 

- 1996 онд манай Төгрөг сумын сургууль 10 жилтэй болж байсан юм. Анхны 10 дугаар анги төгсөгчид нь манай ангийнхан болсон. Тухайн үед ах маань Ховд аймаг дахь Багшийн сургуульд ажиллаж байсан учраас би тийшээ явж суралцахаар шийдсэн. Очиж физикийн хичээлээр элсэлтийн шалгалт өгөөд тэнцсэн. Ховдын багшийн сургууль МУИС-ийн салбар гэж явдаг байлаа. Дөрвөн жил сурч төгсөөд сумандаа ажиллана гээд л ирсэн. 

Ирээд нэг жил байрын багш хийгээд, сургуульдаа физикийн багшаар ажиллаж эхэлсэн гэхээр багшлаад 25 жил, физикээ заагаад 24 жил болж байна. Бидэнд Г.Халтар багш физик заадаг байсан. Төгсөж ирсний дараа жил багш маань хичээлийн эрхлэгч болж, би хичээлийг нь зааж эхэлсэн юм. Багштайгаа хамт ажиллаж, заавар зөвлөгөө авч явах нь залуухан багш надад маш сайхан, нөмөр түшигтэй байсан даа. Сургуульд математикийн багш дутагдалтай байхад 2002, 2003 оны үед 5-9 дүгээр ангийнханд математикийн хичээл бас зааж байсан. 

- Физик хамгийн сонирхолтой хичээл санагддаг юм. 

- Физик бол амьдралд хамгийн ойрхон шинжлэх ухаан. Хаалга нээх, хаах, бороо орох гээд бүхий л зүйл физикийн үзэгдлээр тайлбарлагддаг. Гэртээ хариад плитка залгаад цайгаа чанах, угаалгын машинаа ажиллуулах ч физикийн үзэгдэл. Ийм л амьдралд ойрхон болохоор энэ байдалтай нь холбоод хүүхдүүдэд заахад сонирхолтой, ойлгомжтой байдаг. Хичээлээ заах тусам улам дурлаад, насан туршдаа суралцдагийн үлгэрээр суралцаад л явж байна. 

- Энэ хичээлд туршилт хийхээс эхлээд хэрэглэгдэхүүн их чухал байх. Таны ажиллаж эхэлсэн 24 жилийн өмнөхөөс одоогийн байдал ямар болж байна вэ?

- Ахмад багш ажиллаж байсан учраас манай сургууль, ангийн туршилтын багаж, хэрэглэгдэхүүн харьцангуй сайн байсан. Дээр үеийн орос багажнууд байдаг байв. Анх ажиллаж эхэлж байхдаа самбар дээрээ заагаад бас боломжоороо туршилт хийлгээд явдаг байсан. Одоо бол багаж, хэрэглэгдэхүүний нөөц боломж маш сайн ялангуяа дунд ангийнх хангалттай. Бүр цахим лаборатори ашиглаж туршилт хийж байна шүү дээ. 

dolgormaa_bagsh_3 Физикийн хичээлийн тэнхимийн Сургалтын өрөөнд сурагчдын хамт туршилт хийж байгаа нь

- Хүүхдүүдийн ойлгох чадвар ямархуу байна вэ, өөрчлөгдсөн үү? 

- Тухайн үеийн хүүхдүүд багш, самбар хоёроос мэдлэгийг олж авах чадвар сайн байсан. Самбарт бичээд, заагаад үйлдлүүдээ хийгээд явахад сайн ойлгоно. Харин одоо бол арай өөр болсон. Арай түрүүний хүүхдүүд туршилтын шалтгаанаа ойлгохыг хичээдэг байсан. Тэгвэл одооны хүүхдүүд цаана нь юу байна гэхээс илүү наадах байдлыг сонирхох байдалтай ч гэдэг юм уу. Ер нь нэлээн ялгаа бий. Анхаарал төвлөрөх, юм хүлээж авах хугацаа нь маш богинохон. Энэ хүүхдүүд ингэж сурах ёсгүй юм байна. Техник технологитой л ойрхон байж сурах юм байна. Нэг ижил юм бүгдэд нь заагаад яг адилхан ойлгуулах гээд байгаа бидний арга барил хоцрогдоод байгаа юм болов уу гэж багш нартайгаа ярьдаг юм. Гэхдээ олон төрлийн арга барилаас уламжлалт нь илүү үр дүнтэй гэж олон улсын туршлагыг судалсан хүмүүс ч ярих л юм. Ямар ч яах вэ, хүүхдүүддээ хэрэгтэй зүйл сургачих гээд л үзээд байна, багш бид. 

- Та маш сайн шавь нарыг бэлтгэсэн. Физикт дуртай хүүхдүүдийг олж харж сонгож бэлтгэдэг үү? 

- Ер нь математикт сайн хүүхэд физикийн хичээлийг сонгодог. Хичээлдээ сайн биш ч сонирхоод ороод ирсэн хүүхдийг бэлтгэвэл аяндаа физикт дуртай болчихдог юм. Тухайн хичээлдээ сонирхолтой, гүнзгийрүүлэн судлах сэдэлтэй хүүхэд бол зорилгоо тодорхойлоод, давтаад сайн инженер болно гээд л явчихдаг даа. Гэвч сүүлийн үед математик, физик сонирхох сурагч цөөрч байна. Зөвхөн манай сургуульд бус орон даяар энэ үзэгдэл бий болж байгаа. Хүүхдүүдийг физикт дурлуулчих гээд л янз бүрээр үзэж байна даа. Ялангуяа физикийн хичээл үзэж эхэлж байгаа зургаадугаар анги, долоо, наймдугаар ангиас нь илүү анхаарал хандуулж байна.  

- Бүс, аймаг, улсын олимпиадад таны шавь нар амжилттай оролцдог. Мөн элсэлтийн шалгалтын үнэлгээгээр тогтмол жигд амжилтыг үзүүлдэг. Та сурагчдаа яаж бэлтгэдэг юм бэ?

- Элсэлтийн шалгалтыг 2006 оноос эхэлж тестээр авсан. Тэрнээс өмнө 10 дугаар анги төгсөж буй хүүхдүүд аймагт очиж уламжлалт буюу бичгээр шалгалтаа өгч тэнд нь засаад сургуулийн хуваариа авдаг байсан юм. Тэгээд 2008 оноос жишиг даалгаврууд гарч ирсэн. Тухайн онд элсэлтийн шалгалтын физикийн хичээлийн оноогоор аймагтаа түрүүлээд, хөдөөгийн сургуулиудаас улсад гуравт орж шилдэг үнэлгээтэй сургууль болсон. 

Олон жил хүүхэд бэлдэх тусам арга барилаа олно шүү дээ. Элсэлтийн шалгалтын үзүүлэлтээрээ аймаг, улсын дунджаас дээгүүр эхний таван байрт нэг хэсэг явсан, 2-3 удаа аймагтаа тэргүүлж байсан. Хичээлдээ сул боловч энэ замаар л явна гээд сонгосон хүүхдүүдэд бүхий л боломжоороо зааж, зорилгоо биелүүлэхэд нь тусалж дэмнэхийг хичээдэг. 

zaswar Төгрөг сумын ЕБС-ийн физикийн багш, боловсролын тэргүүний ажилтан Ж.Долгормаа

- Та бусад багштай туршлагаа хуваалцдаг уу?

- Хуваалцана аа. Саяхан Хужирт, Хархорины багш нартай туршлагаа хуваалцлаа. Богд суманд багш солилцоогоор ажиллана гээд хоёр жил болж байна. Ид хичээлийн цаг эсвэл хүйтний улирал таараад завдахгүй юм. Аймгийнхаа физикийн багш нарт “налуу хавтгай” сэдвээр сургалт хийсэн. 

- Та энэ жил аймгийн олимпиадад түрүүлсэн юм билээ. Улсын олимпиаддаа бэлдэж байна уу? 

- Олимпиадад сайн хүүхэд бэлдэхээр багш сайжирдаг. Би 2006 онд маш сайн, физикт үнэхээр сонирхолтой хүүхэд бүсийн олимпиадад бэлтгэж байсан. Б.Нарангэрэл гээд манай даасан ангийн сурагч. Шавь маань бүс, аймагт түрүүлээд улсын олимпиадад оролцсон. Өөрийн амжилтын хувьд гэвэл 2011 онд аймгийн олимпиадад гуравт орсон. Яах вэ, аймаг, бүсэд тогтмол амжилт үзүүлээд л явдаг. Харин энэ жил түрүүллээ. Олимпиадад ирж байгаа бодлогынхоо тавилаас л бидний үзүүлэх амжилт шалтгаална. Өмнө нь олимпиадын материалыг аймагт засдаг байсныг энэ жил улс руу явуулж засуулсан юм билээ. Хоёрдугаар шат буюу улсын олимпиад Хөвсгөл аймагт болно. Айхтар бэлдсэн зүйлгүй. Гэхдээ хичээл, давтлагынхаа цаг зайгаар ойр зуурын юм харж л байна. Олимпиад, уралдаанд оптик гэрлийн хавийн бодлогыг бол би бодчих гээд байдаг юм. Ер нь физик, математикт эрэгтэй “гавал”-ууд дийлдэхгүй шүү дээ. Бас “Мэдлээ” цахим сургуулийн багш болчих гээд л суралцаад байна. 

- Дунд сургуульд олон жил багшлах ер нь ямар байдаг вэ. Танд өөр газруудаас ажлын санал ирдэг л байх. Явъя гэж бодож байсан уу? 

- Олон жил багшлах сайхан. Улам л ажилдаа дурлана, амжилт гаргах тусам урамшиж илүү зүйл хийх ёстой, бүр сайн байх хэрэгтэй гэж боддог. Зарим газраас очиж ажиллах санал ирнэ ээ, ирнэ. Гэхдээ ийшээ тийшээ давхиад байхаар суманд ажиллах нь зөв юм байна, эндээ байх нь хүүхдүүдэд зүгээр юм байна гэж боддог. Сайн багш нар, сайн мэргэжилтнүүдийг явна гэхээр харамсалтай санагддаг. Ер нь орон нутагт хамгийн сайн мэргэжилтнүүд байх хэрэгтэй гэж боддог. Стресс багатай, эрүүл агаартай орон нутагт ажиллах амгалан сайхан шүү дээ. Манай сургуулийн анги бүр дэлгэц, проектор, зурагттай, орчин үеийн хичээлийн хэрэглэгдэхүүн сайтай хотын сургуулиас нэг их ялгаа байхгүй болсон. Хүүхдүүдийн сурах хүсэл сонирхол л сайн байвал болчихно доо.  

- Та багшийг тодорхойлбол?

- Багш гэдэг бол мэргэжилдээ эзэн болсон, өөрийн зааж буй хичээлийн мэдлэг сайтай, түүнийгээ хүүхдэд маш сайн ойлгуулж заадаг, хүүхэдтэй зөв харьцдаг хүнийг хэлнэ гэж боддог. Хамгийн чухал нь мэргэжилдээ дуртай байх. Өөрийгөө хөгжүүлдэг байх. 

Нэг зүйл нэмж хэлэхэд, хотын багш нар олон хүүхэдтэй эсвэл хөдөөгийн багш цөөхөн хүүхэдтэй гэж ялгаад байх шиг байдаг. Үнэндээ үүнд чанарын ялгаа байхгүй санагддаг. Тухайн багшийн ажиллаж байгаа орчин, хичээл зааж буй хүүхдүүд, тэдний эцэг, эх, асран хамгаалагчид, анхаарал хандуулах түвшин зэргээр олон зүйл ялгаатай байдаг.  

dolgormaa_bagsh_4 Зургаадугаар ангийн сурагчид давтлагын цагаараа

- Та хэдэн анги дааж төгсгөсөн бэ. Хөдөөгийн сургуулийн анги даасан багшийн талаар юу гэж хэлэх вэ?

- Тав дахь ангиа дааж байгаа юм байна. Одоо 10 дугаар ангитай. Ерөнхий боловсролын сургуулийн анги даасан багш бол тухайн хүүхдүүдэд аав, ээжийнх нь дараагийн ээж, аав шүү дээ. Тэр хүүхдийн бүхий л талыг хариуцах гээд байгаа мэт санагддаг л даа. Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлж байна, хичээл ном нь яаж байна, бие лагшин нь ямар байна, яавал энэ хүүхэдтэй илүү сайн ойлголцох вэ гээд л. Үеийн юм шиг байж л ойлголцдог доо. Хөндий зааг тавиад байх юм бол хүүхдийг ойлгох боломжгүй. Хүүхдүүдээ сонсоно, ярилцана, ялгалгүй харилцана, судална тэгж байж л таньдаг, ойлголцдог. Сүүлийн үед охидод илүү анхаарах хэрэгтэй болоод байгаа л даа. 

- Таны үлгэр дуурайл авдаг багш хэн байв. Та өөрөө гарын шавьтай болох тухай бодож байгаа юу?

- Бидний үеийн олон залуу багш нэг онд шахуу төгсөж ирсэн. Сургуулийн удирдлагууд, ахмад багш нар залуу багш нараар нээлттэй хичээл их заалгадаг, хөөрхөн уралдаан зарладаг байсан юм, бидний дунд. А.Наранцэцэг багш надад олон зүйл хэлж байсан. Бүр самбарын өмнө яаж зогсох, аль тал руугаа эргэхийг хүртэл хэлж өгнө. Нэг удаа хэлснийг нь дараагийн хичээлдээ биелүүлэхээр маш их магтаж, сайшаадаг байж билээ. Мөн А.Чулуунмөнх, О.Ичинхорлоо багш нар маань зааж зөвлөнө. Сайхан ахмад багш нартайгаа хамт ажиллаж байсан манай үеийнхэн бас азтай шүү.  

- Сургуулийнхаа тухай?

- Миний амьдрал тэр чигээрээ энэ сургуультайгаа холбоотой. Биднийг дөрөвдүгээр ангид байхад хуучин байрнаасаа одоогийн энэ байранд орж ирсэн санагдаж байна. Тэгээд 10 дугаар ангиа төгссөн. Их сургуулиа төгсөөд эргэж ирээд багшилсан. Одоо ч ажиллаж байна. Ер нь бол Г.Халтар багшийн шавь л багшийнхаа үйл хэргийг үргэлжлүүлээд физикийн хичээлээ заагаад явж байна гэсэн үг. Одоо өөрөө нэг сайн залуу багш бэлдчих юм сан гэж бодож яваа. Манай сургууль бол сурлагын үзүүлэлтээрээ сайн шүү. Яах вэ, хөдөөгийн сургууль учраас хүүхэд хөгжүүлэх талын нэмэлт зүйлсээр арай думтаг байгаа байх. Зарим эцэг, эхийг хүүхдээ шилжүүлэх гээд ирэхээр нь би ингэж хэлдэг юм. 

- Багш болчихсон ч шантарчих гээд, ажлаа орхимоор санагдаад байгаа залууст хандаж та юу гэж хэлэх вэ?

- Ямар ч ажил хийсэн, аль ч мэргэжил эзэмшсэн зовлон бэрхшээлтэй таарна. Ажилдаа чин сэтгэлээсээ дурлаад, мэрийгээд, хичээгээд ажиллавал аяндаа ажил нь гартаа орж, амжилт гаргана. Хүн бүр бүхнийг мэддэг, бүх зүйлд сайн байна гэж байхгүй шүү дээ. Бэрхшээлийг давж ажиллах нь л зөв зүйтэй гэж боддог. Оролдлого сайт оройд нь гэдэг шиг тууштай байх хэрэгтэй. Багш байна гэдэг бол хамгийн сайхан мэргэжил, ажил. 

- Физикийн хичээл сонгож байгаа, элсэлтийн шалгалтад бэлтгэж байгаа сурагчдад та ямар зөвлөгөө өгөх бол?

- Миний хичээлээр, надтай бэлтгэж байгаа хүүхдийг ер нь яс байлгах гээд байдаг. Яг цагтаа ирдэг, төлөвлөсөн зүйлээ хийдэг, зарчимч, идэвх санаачилгатай байхыг шаарддаг. Хийнэ гэснээ хойш нь тавьдаггүй, багшийг, өөрийгөө хуурдаггүй байх хамгийн чухал. Энэ бүхнийг биелүүлэхгүй байгаа бол зорилгодоо хүрэхэд дутагдалтай л байна гэсэн үг. 

Ярилцсанд баярлалаа.