“Улаанбаатар марафон 2024” энэ сарын 25-ны өдөр Сүхбаатарын талбайд болно. Олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл тавдугаар сарын 20-ыг дуустал үргэлжлэх бөгөөд энэ жил гадаадын гүйгчдэд зориулж төлбөрөө олон улсын картаар хийх нөхцөлийг бүрдүүлжээ.
Өнөөдрийн байдлаар бүртгүүлсэн хүмүүсийн 50 орчим хувь нь 10 болон түүнээс дээш км-т гүйхээр бүртгүүлсэн байна.
Марафонд гүйх хүсэлтэй иргэд https://ubmarathon.hipay.mn/ цахим хаягаас гадна “Hipay” апликэйшнээр бүртгүүлэх боломжтой. Гүйлтэд оролцогчийн иргэний үнэмлэх, гадаад паспорт болон төлбөрийн баримтыг үндэслэн энгэрийн дугаар олгож бүртгэл баталгаажсанаар гүйлтэд оролцох эрх нь нээгдэх юм.
“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлт үндсэн 6 төрөлтэй бөгөөд хамгийн богино зайд буюу 1.5 км зайд гэр бүлээрээ болон тусгай хэрэгцээт иргэд гүйх боломжтой бол 5 км зайд 12-17 нас, 18 болон түүнээс дээш насны иргэд оролцоно. Дээрх хоёр төрлийн гүйлтийн бүртгэлийн хураамж 5000 төгрөг юм байна.