Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран Улсын бүртгэлийн ерөнхий газарт ажиллалаа.
Ардчилсан намаас сонгуулийн булхай луйвраас урьдчилан сэргийлэх зорилготой ажлын хэсэг байгуулж, олон нийтэд мэдээлэл хийсэн. Ингэхдээ сонгуулийн үеэр шилжилт хөдөлгөөн нэмэгдэж нүүдэг “царцаа”-нуудын тоо нэмэгдэхээс гадна хуурамчаар үүсгэсэн хаяг дээр цахим “царцаа” бий болгож санал авдаг гэх мэдээллийг тарааж байна. Иймээс өнөөдөр Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, Ардчилсан намын төлөөлөлтэй хамт Улсын бүртгэлийн ерөнхий газарт ажиллаж, сонгогчдын нэрсийн жагсаалт болон шилжилт хөдөлгөөний мэдээлэлтэй танилцсан юм.
Улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэдийн шилжилт хөдөлгөөний мэдээллийг өмнөх сонгуулийн үетэй харьцуулан гаргасан байна. Сонгууль болохоос 60 хоногийн өмнө иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зогоох хуультай. Энэ хуулийн дагуу 2020 оны УИХ-ын сонгуулиар иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 2-р сарын нэгэнд зогсоосон. Харин шилжилт хөдөлгөөн зогсохоос өмнөх дөрвөн сарын хугацаанд буюу 2019 оны 11-р сараас 2020 оны 2-р сар хүртэл 230 орчим мянган иргэн өөр хаяг руу шилжсэн байдаг. Тэгвэл энэ жил иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 4-р сарын 29-нд зогсоосон. Үүнээс өмнөх дөрвөн сарын хугацаанд 70071 иргэн шилжжээ. Үүнийг өмнөх сонгуультай харьцуулахад 70 хувиар буурсан үзүүлэлт юм.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний улсын бүртгэлийн газрын дарга Т.Төгөлдөр
Иргэд өөрийн шилжилт хөдөлгөөнийг цахимаар шууд хийж байна гэж ойлгож болохгүй. И-Монголиагаар дамжуулан шилжилт хөдөлгөөн хийх хүсэлт, захиалга авдаг ч үүний цаана улсын бүртгэгч ажиллаж, хууль журмын дагуу хөтлөн явуулдаг. Он гарснаас хойш И-Монголиагаар дамжуулан 1300 гаруй иргэн шилжсэн.
Харин Ардчилсан намын ажлын хэсгийн ахлагч Ж.Баярмаа болон бусад төлөөлөгчид нэг хаяг дээр олон хүн шилждэг зөрчил гарахаас гадна өөрийнх нь хаяг дээр танихгүй хүмүүс нэмэгддэг. Үүнийг яаж шийдэх вэ зэргээр өмнөх сонгуулийн үеэр гарсан мэдээлэл, зөрчилтэй холбоотой зүйлсийг тодруулж байлаа.
Ардчилсан намын төлөөлөл
Сонгогчдын хувьд https://election.burtgel.gov.mn хаягаар нэвтэрч өөрийн хаяг дээр байгаа нэрийн жагсаалттай танилцах боломжтой болсон. Сонгогчдын нэрийн жагсаалтыг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс https://election.burtgel.gov.mn/ цахим хуудаст байршуулаад байна. Одоогоор 17 мянган сонгогч мэдээллээ шалгаж байгаа нь хангалтгүй үзүүлэлт. Өөрийнхөө мэдээллийг шалгаж, тухайн хаяг дээр өөр хүн байгаа бол гомдол гаргаж шийдвэрлүүлэх бүрэн боломжтой гэдгийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Тамгын газрын дарга Г.Цолмон онцолсон юм.
Сонгууль болоход 55 хоногийн хугацаа үлдсэн. Хэрэв хэн нэгний хаяг дээр хүн нэмэгдсэн зэрэг сэжигтэй зүйл байвал улсын бүртгэлийн байгууллагад хандах аль эсвэл хууль хяналтын байгууллагаар шалгуулж, хянах бүрэн боломжтой юм. Иймээс Ардчилсан намын төлөөлөл сүүлийн таван жилийн хугацаанд иргэдийн шилжилт хөдөлгөөний мэдээллийг дэлгэрэнгүй байдлаар авах хүсэлтээ Улсын бүртгэлийн ерөнхий газарт өглөө.