Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлжээ.
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, бусад хууль тогтоолын төслийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлжээ.
Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлыг тогтоож, хотын бүтээн байгуулалт, тогтвортой хөгжлийг дэмжих үүднээс эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг зургаан бүлэг, 29 зүйтэйгээр боловсруулсан байна.
Хуулийн төсөлд
Шинэ Зуунмод хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө нь нийслэл болон Төв аймгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулж, амралт, аялал жуулчлалын, худалдаа, үйлчилгээний, засаг захиргааны, оюутны хотхон, судалгаа шинжилгээний, тээвэр логистик, олон улсын нисэх онгоцны буудал, агаарын каргоны зэрэг 9 бүсчлэлтэй байхаар тусгасан;
Шинэ Зуунмод хотыг иргэдэд зориулсан ирээдүйн хотын олон улсын концепцийн дагуу төлөвлөх бөгөөд үүнийг зөрчсөн тохиолдолд холбогдох этгээдэд хариуцлага хүлээлгэнэ. Тухайлбал, иргэд оршин суугаа газраасаа 300-500 метр зайд сургууль, цэцэрлэг, эмнэлэг, нийтийн тээврийн үйлчилгээний буудал, цэцэрлэгт хүрээлэн, худалдаа үйлчилгээний газарт хүрэх төлөвлөлтийг хэрэгжүүлнэ;
Газар ашиглуулах асуудлыг зөвхөн төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэх бөгөөд сонгон шалгаруулалтад оролцох этгээдэд тавигдах шаардлага, төсөл шалгаруулах журмыг Засгийн газар батална;
Шинэ Зуунмод хот дүрэмтэй болж хууль тогтоомжоор зохицуулагдаагүй хотын амьдрал, үйл ажиллагаатай холбоотой асуудлаа оршин суугчид, иргэдийн оролцоотойгоор шийдвэрлэнэ;
Бусад улсын хотуудын жишгээр Шинэ Зуунмод хотын оршин суугчид хотын удирдлагаа сонгодог болно гэх зэрэг нарийвчилсан зохицуулалтыг тусгажээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.