Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал гардуулах ес дэх удаагийн ёслол өнөөдөр Төрийн ёслол хүндэтгэлийн их танхимд болж, тус шагналыг Хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Нанзаддоржийн Лүндэндоржид олголоо.
УИХ-ын даргын захирамжаар судалгаа шинжилгээнд суурилсан хууль тогтоох ажиллагааг хөгжүүлэх, парламентат ёс, парламент судлал, Үндсэн хуулийн эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр үнэ цэнтэй, томоохон бүтээл туурвисан эрдэмтэн, судлаачдыг хөхиүлэн дэмжих зорилгоор Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал олгох журмыг 2014 онд батлан гаргасан байдаг.
Б.Чимидийн нэрэмжит шагналд эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургууль, төрийн болон төрийн бус байгууллагууд өөрсдийн туурвисан бүтээлээ ирүүлдэг бөгөөд энэ оны шалгаруулалтад нийт 6 бүтээл иржээ. Үүнээс урьдчилсан шалгаруулалтын баг гурван бүтээлийг сонгож, Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлд танилцуулснаар сонгон шалгаруулсан байна. Ингээд энэ оны Б.Чимидийн нэрэмжит шагналыг Монгол Улсын Үндсэн хуульт ёсны үнэт зүйл, үзэл баримтлалыг олон нийтэд таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, Үндсэн хуулийн эрх зүйн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж “Монгол Улсын Үндсэн хууль шинжлэх ухааны тайлбар” бүтээл туурвисан Философийн ухааны доктор (Ph.D), Хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Нанзаддоржийн Лүндэндоржид олгохоор шийдвэрлэжээ.
Доктор, профессор Н.Лүндэндорж нь хууль зүйн шинжлэх ухааны салбарт 30 гаруй жилийн хөдөлмөр зүтгэлээ зориулсан судлаач, олон мянган шавьтай шилдэг сурган хүмүүжүүлэгч, нэрт эрдэмтэн гэдгийг бид сайн мэднэ. Түүний бүтээл нь Үндсэн хуулийн үзэл баримтлал, хэм хэмжээ бүрийн үзэл санаа, агуулгыг хуульчдад төдийгүй ард иргэдэд ойлгон таниулахад чухал ач холбогдолтой сайн бүтээл болжээ. Монгол Улсын Үндсэн хуулийн үг, өгүүлбэр, цэг, таслал бүхний цаана утга агуулга бий гэж Бяраагийн Чимид гуай хэлсэн байдаг. Тэгвэл доктор Нанзаддоржийн Лүндэндоржийн бүтээл нь Монгол Улсын Үндсэн хуулийн үг, ойлголт бүрийг шинжлэх ухааны үүднээс задлан тайлбарласанд ач холбогдол, үнэ цэн нь оршиж байна.
Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль бол монгол хүний оюун ухаанаар бүтээгдэж, монголын ард түмний хэлэлцэн баталсан анхны Үндсэн хууль юм. Орчуулгын хууль биш гэдгийг олон баримтаар нотолж болно. “Монгол Улсын Үндсэн хууль шинжлэх ухааны тайлбар” нь Үндсэн хуулийг тайлбарласан тав дахь бүтээл бөгөөд Үндсэн хуулийн бүтцэд байгаа бүхий л хэм хэмжээ, үг агуулгыг иж бүрнээр тайлбарлахыг зорьсон. Ингэхдээ Үндсэн хуулийн онол, философийг нь таниулахын төлөө чармайн ажилласан. Үндсэн хуулийн гол философи бол оршил хэсэгтээ "...эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно...” гэж оруулсан байдаг. Хүнийг бүхний төвд тавьж, хүний эрх, эрх чөлөөг хангах, хэрэгжүүлэх хамгийн чөлөөт орчныг бүрдүүлэх гол агуулгыг эндээс харж болно.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар