Гэрэл зургийн эх сурвалж: Шүүхийн мэдээ фэйсбүүк хуудас
Хөвсгөл аймаг дахь шүүхээс “Бэлтэс мөрөн” ХХК-ийн үүсгэн байгуулагч нэр бүхий есөн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өчигдөр тус аймгийн Спортын ордонд эхэлсэн ч өмгөөлөгчдийн хүсэлтээр хойшилсон байна.
Шүүгдэгч Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр, Б.Мэндсайхан нарт холбогдох тус хэрэгт нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн (залилах)
3 дахь хэсгийн 3.1, 3.2, 18.6 дугаар зүйлийн (мөнгө угаах)
2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Гэм буруугийн шүүх хуралдаанаар нэр бүхий хохирогч нарын өмгөөлөгч Н.Болормаа, С.Оюунцэцэг, Д.Дэлгэрцэцэг, шүүгдэгч нарын өмгөөлөгч К.Манлай, Ю.Тогмид, Ө.Золбоо, Э.Мягмардорж, С.Батнасан нарын шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг хангаж,
шүүгдэгч Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Н.Уяабор, Г.Пүрэвсүрэн, Г.Нямдалай, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр, Б.Мэндсайхан нарт холбогдох эрүүгийн хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг энэ сарын 27-ны өдрийн 11:00 цаг хүртэл хойшлуулж,
шүүгдэгч С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдэлгэр, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр, Б.Мэндсайхан нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.