Гэрэл зургийн эх сурвалж: Шүүхийн мэдээ фэйсбүүк хуудас, Шүүх хурлын үеэр
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Л.Чинбатыг худал мэдээлэл тараах гэмт хэрэгт буруутай гэж үзэн зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн байна.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Чинбатад холбогдуулан хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. Тодруулбал, шүүгдэгч Л.Чинбат нь “Манай адууг туугаад явж байгаа малын хулгайч нартай тэмцэж байна. Цаашдаа ч тэмцэнэ. Малын хулгай, хулгайч нар хэрээс хэтэрлээ”. Хууль хяналтын байгууллагад гомдлоо гаргасан” гэх мэдээллийг өөрийн фэйсбүүкийн “Chinbat lhagva” нэртэй цахим хуудаст 2023 оны зургаадугаар сарын 15-ны өдөр оруулан цахим орчинд нийтэлсэн байна.
Уг хэргийг шүүхэд хүлээн авч хянан хэлэлцээд шүүгдэгч Л.Чинбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Худал мэдээлэл тараах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хоёр сарын хугацаагаар Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш гарах зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэжээ.