Төгрөг сумын сургуулийн Номын сан болон “Номын анд” клубийн сурагчид хамтран “Зөөврийн номын сан” ажиллуулж хэвшжээ.
Өвөрхангай аймгийн Төгрөг сумын ерөнхий боловсролын сургуулийн Номын сан болон “Номын анд” клубийн сурагчид хамтран “Зөөврийн номын сан” ажиллуулж хэвшжээ. Сурагчийн ширээг номын клубийн лого тэмдэг, хэвлэмэл зургаар чимж бүтээсэн авсаархан зөөврийн номын санг их завсарлагааны цагаар сургуулийн коридорт дэлгэдэг бөгөөд “Номын анд” клубийн сурагчид ээлжээр ажиллуулдаг байна.
Сурагчдыг ялангуяа дунд, ахлах ангийнхны ном унших сонирхлыг татах, идэвхжүүлэх зорилгоор энэхүү зөөврийн номын санг ажиллуулж эхэлжээ. Энэ тухай сургуулийн номын санч Б.Бямбацэцэг “Бага ангийн сурагчид ном сайн уншдаг, сургуулийн номын сангийн байнгын уншигчид байдаг. Харин дунд ангид орохоороо хүүхдүүд ухаалаг төхөөрөмж сонирхож ном унших идэвх суларч байгаа учраас “Номын сан хөгжлийн орчин” аяны хүрээнд зөөврийн номын санг санаачлан ажиллуулж эхэлсэн юм. Нэг ээлжид 20 гаруй номыг гаргаж тавьдаг. Зарим тохиолдолд номуудыг уран зохиол, түүх, шинжлэх ухаан гэх мэт нэг сэдвээр ангилан гаргадаг” гэж ярилаа.
Уншигч сурагч гэрээр авсан номоо эргүүлж өгөөд дахин нэгийг авахаар тэмдэглүүлж байна.
Их завсарлагааны 15 минутын хугацаанд зөөврийн номын сангаас аль нэг номыг сонгон уншиж эхлүүлсэн сурагч хичээлийн хонх дуугартал тухайн номоо уншаад эргүүлэн өгөх дүрэмтэй. Үргэлжлүүлэн уншихыг хүсвэл номын сангийн карт дээрээ тэмдэглүүлээд гэрээр авч унших боломжтойг “Номын анд” клубийн гишүүн сурагчид онцолж байсан юм.
Энэхүү үйл ажиллагаа нь сурагчдын номд хорхойсох, ном унших зуршил тогтоход тодорхой хэмжээнд нөлөөлж байгаа аж. Завсарлагааны цөөн минутад амжиж сонирхсон номоо эхлүүлсэн сурагч үргэлжлүүлэн уншихын тулд сургуулийн Номын санд ирдэг байна.
Их завсарлагааны үеэр "Зөөврийн номын сан" ажиллаж байна.
Сургуулийн номын сангийн уншлагын танхимд дунд ангийн сурагчид ном уншиж байна.